Хүнсний хувьсгалын үр дүнд 1000 орчим нэр төрлийн бүтээгдэхүүнийг зах зээлд шинээр нийлүүлжээ
“Хүнсний хангамж, аюулгүй байдал” үндэсний хөдөлгөөний хэрэгжилтийн үр дүн, үзэсгэлэнгийн үйл ажиллагаа өнөөдөр /2025.12.12/ боллоо. Тус үйл ажиллагаанд Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Ерөнхий сайд Г.Занданшатар нар болон албаныхан оролцов.
Хүнсний хувьсгалын үр дүнд 53 үйлдвэр ашиглалтад орж, Монгол Улс 937 үйлдвэртэй болсон төдийгүй 1000 орчим нэр төрлийн бүтээгдэхүүнийг зах зээлд шинээр нийлүүлжээ. Мөн мал аж ахуй, газар тариалан, хүнсний үйлдвэрлэлийн чиглэлээр 44 мянга гаруй ажлын байр бий болсныг ХХААХҮЯ онцлон дурдав.
2022 онд “Хүнсний хангамж, аюулгүй байдал” үндэсний хөдөлгөөн эхэлж байх үед манай улс 1 тэрбум ам.долларын хүнсний бүтээгдэхүүн импортоор авдаг байв. Харин хүнсний хувьсгал өрнүүлсэн 3.5 жилийн хугацаанд импортын хамаарал жил бүр 100 гаруй сая ам.доллараар багасч, энэ оны 11 сарын байдлаар 379 сая ам.доллараар буурчээ. Тухайлбал манай улс өндөгний хэрэглээнийхээ 45 хувийг дотоодоосоо хангадаг байсан бол хүнсний хувьсгалын үр дүнд 80 хувь болж нэмэгджээ. Түүнчлэн 17 улс руу 400 гаруй сая төгрөгийн 77 мянган тонн мах, махан бүтээгдэхүүн экспортолсон байна.
“Хүнсний хангамж, аюулгүй байдал” үндэсний хөдөлгөөний хүрээнд 1.3 орчим их наяд төгрөгийн зээлийг 2500 гаруй аж ахуйн нэгж, иргэнд олгосон байна. Компаниуд үйлдвэрлэлээ өргөжүүлж, шинэ бүтээгдэхүүн зах зээлд гаргаж, амжилттай борлуулж буйг аж ахуйн нэгжүүдийн төлөөлөл онцлов.