Мексикийн нэгдсэн улсын нийслэл Мехико хотноо “хүрээ цам - 108” үзэсгэлэн нээгдлээ
Монгол Улсын Соёлын элч Н.Ганхуягийн “Хүрээ цам - 108” нэртэй үзэсгэлэн Мексикийн Нэгдсэн Улсын нийслэл Мехико хотын Дэлхийн соёлын үндэсний музейд 2025 оны 12 дугаар сарын 4-ний өдөр албан ёсоор нээлтээ хийлээ.
Монгол Улс, Мексикийн Нэгдсэн Улс хооронд дипломат харилцаа тогтоосны 50 жилийн түүхэн ойг тэмдэглэн өнгөрүүлэх цуврал арга хэмжээний хүрээнд Монгол Улсаас АНУ-д суугаа Элчин сайдын яам, Мексикийн Нэгдсэн Улс дахь Монгол Улсын Өргөмжит консулын дэмжлэгтэйгээр энэхүү үзэсгэлэнг толилуулж байгаа юм.
Соёлын элч Н.Ганхуяг нь 30 орчим жилийн өмнөөс цамын баг урлаж ирсэн бөгөөд тэртээх 2007 онд цам бүжгийн бүх бурхад болох 108 цамын бүрэн баг, өмсгөлийг өөрийн хүч хөдөлмөрөөр хийж бүтээн олон нийтэд дэлгэсэн. Үүнээс хойш тэрээр эх орондоо төдийгүй гадаадын орнуудад Монгол цамыг сурталчлан таниулах ажлыг амжилттай хийсээр байна. Тус үзэсгэлэн нь мексикийн ард түмэнд Буддын шашны гүн ухаан, цамын багт дүрслэгдсэн утга билэг, монголын ард түмний өв соёл, урлагийн өвөрмөц уламжлалтай танилцах боломжийг олгох, Монгол, Мексикийн ард түмний харилцан ойлголцлыг нэмэгдүүлэх чухал ач холбогдолтой соёлын арга хэмжээ болж байгаа юм.