Ирэх онд нийслэлийн Эрүүл мэндийн газар, Нийтийн тээврийн бодлогын газрыг татан буулгана
Төрийн чиг үүргийн давхардлыг арилгах, төсвийн зарцуулалтын үр ашгийг сайжруулж, бодит хэмнэлт үүсгэх зорилгоор нийслэлийн Улсын бүртгэлийн газар, нийслэлийн Хүүхэд, гэр бүлийн хөгжил, хамгааллын газрыг энэ онд татан буулгасан. Тэгвэл ирэх онд чиг үүргийн давхцалтай нийслэлийн Эрүүл мэндийн газар, Нийтийн тээврийн бодлогын газрыг татан буулгах талаар өчигдөр нийслэлийн удирдах ажилтнуудын шуурхай зөвлөгөөний үеэр хотын дарга Х.Нямбаатар хэллээ.
Хотын дарга Х.Нямбаатар “Өнгөрсөн жил нийслэлийн Улсын бүртгэлийн газар, Хүүхэд, гэр бүлийн хөгжил, хамгааллын газруудыг Засгийн газрын тогтоолоор татан буулгасан. Эдгээр газрыг татан буулгаснаас үүдэлтэй асуудал үүсээгүй. Дүүргүүд улсын бүртгэл, гэр бүл, хөгжил, хамгааллын үйлчилгээг хэвийн үзүүлээд явж байгаа. Цаашид нийслэлд давхардсан бүтэцтэй, татвар төлөгчдийн мөнгөөр цалинждаг төрийн захиргааны байгууллагыг татан буулгах ажлыг үе шаттай хийнэ. Ирэх жил нийслэлийн Эрүүл мэндийн газрыг татан буулгаж, эрүүл мэндийн тусламж үйлчилгээнээсээ өөрийгөө санхүүжүүлэх чадамжтай байгууллага болгож хөгжүүлнэ. Өрхийн эрүүл мэндийн төвүүдийг хэд хэдээр нь нэгтгэж, төсөв болоод хүний нөөц, техник хэрэгслийн хувьд чадамжтай болгох ёстой. Үзүүлж буй эрүүл мэндийн үйлчилгээ, чанар хүртээмжээрээ шударга өрсөлдөж, санхүүждэг болгоно. Мөн Нийтийн тээврийн бодлогын газрыг татан буулгана. Хүн амын төвлөрөл ихтэй газрууддаа автобусны зогсоол, үйлчилгээний төв байгуулж, үл хөдлөх хөрөнгийн хөгжүүлэлт, түрээсийн орлого төвлөрүүлдэг зарчим руу шилжинэ. Энэ зарчим руу шилжихийг Дэлхийн банк зэрэг байгууллагаас ч зөвлөдөг” гэсэн юм.