Холбоо барих

Мадрид хот төрөлтийг дэмжих мөнгөн урамшууллын хөтөлбөр хэрэгжүүлж эхэллээ

Мадрид хот төрөлтийг дэмжих мөнгөн урамшууллын хөтөлбөр хэрэгжүүлж эхэллээ

Испанийн нийслэл Мадрид хотын захиргаа төрөлтийн төвшинг нэмэгдүүлэх зорилгоор хүүхэдтэй болсон эцэг эхчүүдэд мөнгөн урамшуулал олгох хөтөлбөр хэрэгжүүлж эхэлжээ. Шинэ журам нь нь  энэ долоо хоногоос хэрэгжиж эхэлсэн бөгөөд анх хүүхэдтэй болж байгаа гэр бүлд 500 евро (578 ам.доллар), хоёр дахь хүүхдээ төрүүлж байгаа гэр бүлд 750 евро (868 ам.доллар), гурав болон түүнээс дээш хүүхэдтэй болж байгаа байгаа бол 1000 евро (1157 ам.доллар) авах боломжтой болж байна.

Энэ нь Мадрид хотын мэр Хосе Луис Мартинес-Альмейдагийн төрөлтийг бодлогоор дэмжих хүрээнд хэрэгжүүлж буй арга хэмжээнүүдийн нэг бөгөөд хүүхэдтэй болоход тулгарч байгаа бэрхшээлийг даван туулахад туслах зорилготой юм.

 

Төрөлтийн буурсан нь Испанийн тулгамдсан асуудал

Испани улс нь Европын бусад орны нэгэн адил хүн амын хөгшрөлт, төрөлтийн бууралттай тулгараад байгаа. Одоогоор тус улсын нэг эмэгтэйд дунджаар 1.4 хүүхэд ногдож байгаа нь хүн амын тоог тогтвортой хадгалахад шаардлагатай 2.1 хүүхдээс доогуур үзүүлэлт гэдгийг Newsweek-ийн EuroWeekly News-д энэ сарын 7-нд мэдээлсэн байна.

Тиймээс Мадрид хотын захиргаа төрөлтийг нэмэгдүүлэх, залуу гэр бүлүүдийг дэмжих зорилгоор шууд мөнгөн тусламжийн хөтөлбөрийг хэрэгжүүлж эхэлж байгаа нь энэ аж.

Хэн авах боломжтой вэ?

Шинэ журам нь 2025 оны зургаадугаар сарын 1-нээс хойш төрсөн эсвэл өргөж авсан хүүхдүүдэд хамаарна. Эцэг эхчүүд төрсний дараа хоёр сарын дотор онлайнаар эсвэл хотын захиргааны газарт очиж өргөдлөө гаргах ёстой. Эхний шатанд 17.3 сая еврогийн төсөв батлагдсан бөгөөд оролцогчдын тоо нэмэгдвэл төсвийг нэмэгдүүлэхээр төлөвлөжээ.
Мөн энэ дэмжлэг нь Испанийн улсын болон бүс нутгийн бусад урамшууллуудтай хавсарч болох давуу талтай юм гэдгийг Newsweek-ийн нийтлэлийн зохиогч тэмдэглэсэн байна.

 Гэр бүлийн бодлогын өргөн хүрээ

Мадрид хотын удирдлага нийт 50 арга хэмжээ багтаасан “гэр бүлийн бодлого”-ын хөтөлбөр хэрэгжүүлж байгаа бөгөөд үүнд Гэр бүлийн дэмжлэгийн төвүүд байгуулах ажил багтсан. Эдгээр төвүүд нь иргэдэд нийгмийн, сэтгэлзүйн, хууль зүйн болон зуучлалын үйлчилгээ үзүүлэх юм байна.

Цаашдын төлөв

Мадридын хөтөлбөрт хүсэлт гаргах ажил эхэлсэн бөгөөд хэрэв оролцогчдын тоо өсвөл төсвийг нэмэгдүүлэх боломжтой гэж хотын удирдлага онцолжээ.
Тус бодлогын үр дүн нь ирээдүйд төрөлтийн түвшин хэрхэн өөрчлөгдөх, иргэдийн оролцоо, бусад төрийн дэмжлэгтэй хэрхэн уялдах зэргээс шалтгаална гэж шинжээчид үзэж байна гэж Newsweek-ийн EuroWeekly News-д мэдээлсэн байна.  

Эх сурвалж: zms.mn