Холбоо барих

“Бадрах Энержи” ХХК “шинэхэн” оютнуудаа хүлээн авч уулзлаа

“Бадрах Энержи” ХХК “шинэхэн” оютнуудаа хүлээн авч уулзлаа

Энэ сарын 24-ний өдөр “Бадрах Энержи” ХХК-ийн оюутны тэтгэлэгт хөтөлбөрт шалгарсан оюутнууд компанийн байранд ирж батламжаа хүлээн авлаа. 2025-2026 оны хичээлийн жилд  нийт 23 оюутан тэтгэлэгт хамрагдаж байгаагийн 10 оюутан нь шинээр уг хөтөлбөрт шалгаран, хамрагдаж эхэлж байгаа юм байна.  Тухайлбал, Дорноговь аймгийн Сайншанд сумын Зүүнбаян багаас 4, Улаанбадрах сумаас 6 оюутан тус тус тэтгэлэгт хамрагдан оюутны амьдралаа эхэллээ. 

Орон нутаг дахь мэргэжилтэй боловсон хүчнийг дэмжих чиглэлээр “Бадрах Энержи” ХХК-иас оюутны тэтгэлэгт хөтөлбөрийг 2010 оноос хэрэгжүүлж ирлээ.

Уг хөтөлбөрийн хүрээнд 93 оюутанд нийт 230 удаагийн тэтгэлэг олгож, 630 сая гаруй төгрөгийн санхүүжилтийг компанийн зүгээс хийгээд байна.

Компаниас олгож ирсэн тэтгэлгийн онцлог нь Оюутан-Санхүүжүүлэгч-Орон нутаг гэсэн гурван талт гэрээ хийдэг бөгөөд тухайн оюутны  их сургуулийн сургалтын нийт хугацааг хамардаг бөгөөд хөтөлбөрт хамрагдсан оюутан мэргэжлээ эзэмшээд орон нутагтаа 3-аас дээш жил ажиллах үүрэг хүлээдэг онцлогтой.

“Бадрах Энержи” ХХК-иас оюутны тэтгэлэгт хөтөлбөрт хамрагдсан залуучууд маань анагаахын шинжлэх ухаан, боловсрол, байгаль орчин, геологи, инженер, технологи болон хууль, төрийн удирдлагаар голчлон суралцсан байна.