Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах зөвлөлийн 60 жилийн ой тохиож байна
Энэ өдрүүдэд Монгол Улсад гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах зөвлөл үүсгэн байгуулагдсаны 60 жилийн ой тохиож буй. Түүхт ойн хүндэтгэлийн хурал өнөөдөр /2025.10.07/ боллоо.
Хүндэтгэлийн арга хэмжээнд УИХ, Засгийн газрын гишүүн, Хууль зүй, дотоод хэргийн сайд бөгөөд Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах зөвлөлийн дарга Л.Мөнхбаатар, УИХ-ын гишүүн О.Алтангэрэл, Хууль зүй, дотоод хэргийн сайд бөгөөд Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах зөвлөлийн дарга асан Л.Цог, ҮАБЗ-ийн Ажлын албаны дарга хошууч, генерал Д.Ариунболд, Монгол Улсын Ерөнхий сайдын зөвлөх хошууч генерал Ж.Болд, Ерөнхийлөгчийн Тамгын газрын хуулийн бодлогын газрын дарга Ж.Мөнхболд, Хууль зүй, дотоод хэргийн яамны Төрийн нарийн бичгийн дарга Н.Мягмар, Монгол Улсад гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах зөвлөлийн Ажлын албаны дарга Л.Нямгэрэл болон энэ чиглэлээр ажиллаж байгаа салбар бүрийн төлөөлөл хүрэлцэн ирсэн юм.
Монгол Улсад гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах зөвлөл үүсгэн байгуулагдсаны 60 жилийн ойд зориулан энэ албанд ажиллаж байсан үе үеийн удирдлага төлөөлөл, ахмад зүтгэлтнүүд цахим мэндчилгээ дэвшүүлсэн бол хүндэтгэлийн арга хэмжээг нээж Хууль зүй, дотоод хэргийн сайд бөгөөд Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах зөвлөлийн дарга Л.Мөнхбаатар үг хэллээ.
Тэрээр нийгмийн хэв журмыг бэхжүүлэх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажилд зүтгэж байгаа Зохицуулах зөвлөлийн үе үеийн дарга, ажлын алба, салбар зөвлөлүүдэд ажиллаж байсан болон одоо ажиллаж байгаа албан хаагчдад түүхт 60 жилийн баярын мэнд дэвшүүлээд “Цаашид Монгол Улсад гэмт хэрэгтэй тэмцэх түүнээс урьдчилан сэргийлэх, нийгмийн хэв журмыг сахиулах ажилд идэвхтэй оролцож, хуулийн байгууллагын хараат бус бие даасан байдлыг хангах, улс төрөөс ангид байх чиглэлээр бодлого боловсруулж гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх хууль эрх зүйн орчныг олон улсын жишигт нийцүүлэхэд анхаарч ажиллана” гэдгийг онцолсон юм.

Мөн энэ үеэр хүндэтгэлийн илтгэлийг Монгол Улсын гавьяат хуульч, хууль зүйн ухааны доктор, профессор, Шүүхийн ерөнхий зөвлөлийн гишүүн Д.Зүмбэрэллхам, Монгол Улсад Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах зөвлөлийн Ажлын албаны дарга, доктор Л.Нямгэрэл нар танилцууллаа.
Түүхэн цаг хугацааны туршид үйл ажиллагаагаа тасралтгүй явуулж, үндэсний аюулгүй байдал, хүний эрх, эрх чөлөөг хангах, нийгмийн дэг журмыг бэхжүүлэхэд үнэтэй хувь нэмэр оруулсан үе үеийн ахмадууд, ажил үйлсийг нь залгамжлан үр бүтээлтэй үргэлжлүүлэн яваа нийт зохицуулах зөвлөлийн гишүүд, ажилтан, албан хаагчид, хамтран ажилладаг олон улсын болон төрийн, төрийн бус байгууллагын төлөөллүүд Монгол Улсад Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах зөвлөлийн “Хүндэт тэмдэг”-ээр шагнагдсаныг Хууль зүй, дотоод хэргийн сайд Л.Мөнхбаатар гардуулав.