Холбоо барих

Д.Амарбаясгалан 85.67 хувийн саналаар МАН-ын дарга болов

Д.Амарбаясгалан 85.67 хувийн саналаар МАН-ын дарга болов

Монгол Ардын Намын Бага хурлын VIII хуралдаан хоёр өдөр үргэлжилж эцсийн шийдвэрээ гаргасан байна. Энэ талаар УИХ-ын гишүүн  Ж.Бат-Эрдэнэ, Бага хурлын гишүүн Г.Гангамөрөн, УИХ-ын гишүүн Ж.Алдаржавхлан, тус намын Хяналтын ерөнхий хорооны дарга, УИХ-ын гишүүн Б.Баярбаатар нар хэвлэлийнхэнд мэдээлэл хийсэн юм.

Тус хуралдааныг удирдсан УИХ дахь Монгол Ардын намын бүлгийн дарга, УИХ-ын гишүүн  Ж.Бат-Эрдэнэ “Намын даргад УИХ-ын дарга Д.Амарбаясгалан, Ерөнхий сайд Г.Занданшатар нар өрсөлдөж, өрсөлдөөний явцад УИХ-ын дарга Д.Амарбаясгалан нийт гишүүдийн 85.67 хувийн саналаар сонгогдлоо” хэмээн мэдээлэв.

Мөн МАН-ын Хяналтын ерөнхий хорооны дарга, УИХ-ын гишүүн Б.Баярбаатар мэдээлэлдээ “Намын даргыг сонгох сонгууль Улс төрийн намын тухай хууль, бусад хуулийг дагаж батлагдсан журмууд болон намын үндсэн дүрэмд нийцсэн байх ёстой гэж үздэг. 2024 оны нэгдүгээр сарын 1-нээс дагаж мөрдөж буй Улс төрийн намын тухай хуульд намын даргыг Удирдах дээд байгууллага буюу Их хурал эсвэл төлөөллийн төв байгууллага буюу Бага хурал сонгох эрхтэй байдаг. Тухайн хуралд оролцсон гишүүдийн гуравны хоёрын саналаар намын даргад сонгогдсонд тооцдог. Иймд эхний санал хураалтад УИХ-ын дарга Д.Амарбаясгалан, Ерөнхий сайд Г.Занданшатар нар өрсөлдлөө. Нэр дэвшигчдийн дунд бодлогын нээлттэй мэтгэлцээнийг өрнүүллээ. Нэр дэвшигчдэд хандан олон гишүүн саналаа хэллээ. Ингээд санал хураалт явагдаж Д.Амарбаясгалан 56.1, Г.Занданшатар 43.9 хувийн саналыг авч, аль нэг нь гуравны хоёр хувь буюу 66 хувийн саналаа авч чадаагүй. Иймд Ж.Алдаржавхлан ахлагчтай 15 хүний бүрэлдэхүүнтэй Тооллогын комиссоос гаргасан журмаар, Улс төрийн намын тухай хуулийн зүйл заалт буюу намын үйл ажиллагаандаа баримталдаг саналыг нууцаар хураана гэсэн зарчмыг баримталсан. Хэдэн ч удаа санал хураалт явуулж болно. Улс төрийн нам өнөөдөр үйл ажиллагаандаа өрсөлдөгчгүй нэг нэр дэвшигч байсан ч гэсэн нууц санал хураалт явуулдаг хуулийн заалттай. Энэхүү хуулийн заалт болон Тооллогын комиссын журмыг баримтлан хоёр дахь санал хураалтыг явууллаа. Хуралдаан дундаа завсарлагатай явсан, эхний санал хураалтын дараа хуралд оролцсон гишүүд буюу ирцийг дахин шинэчилж гаргасан. Бага хурлын нийт 479 гишүүнээс гуравны хоёр хувийг давсан буюу нийт 321 гишүүний ирцтэй байсан. Ингээд 321 саналын хуудаснаас 46 саналын хуудас хүчингүй, 275 нь хүчинтэй саналын хуудаст тоооцогдож 85.67 хувийн саналаар УИХ-ын дарга, Бага хурлын гишүүн Д.Амарбаясгалан МАН-ын даргаар сонгогдлоо. Улс төрийн намын тухай хууль, Улсын Дээд шүүхийн нийт шүүгчдийн хуралдаанаар баталсан журмын дагуу 60 хоногийн дотор намын шинэ даргаа бүртгүүлэхдээ өмнөх дарга нь хүлээлгэн өгдөг. Улсын Дээд шүүх 30 хоногийн дотор нягталж бүртгэдэг тул нийтдээ 90 хоногийн хугацаанд Дээд шүүх эцсийн шийдвэрээ гаргана” хэмээн тайлбарлав.