Эмч, багшийн цалин, ахмадын тэтгэврийг судлах ажлын хэсэг байгуулахыг дэмжив

Өргөдлийн байнгын хорооны өнөөдрийн \2025.09.30\ хуралдаанаар Монгол Улсын 2026 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2027-2028 оны төсвийн төсөөллийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн хоёр дахь хэлэлцүүлэг, Монгол Улсын 2026 оны төсвийн тухай, Монгол Улсын 2026 оны төсөв, нийтийн ашиг сонирхлыг хөндсөн асуудлаар гаргасан иргэдийн өргөдөл буюу иргэн Б.Номингоос ирүүлсэн эмч, багш нарын цалинг нэмэхийг судлах ажлын хэсэг байгуулах, байнгын хорооны тогтоолын төсөл, нийтийн өргөдөл, гомдлын системийг сайжруулах журам батлах зэрэг асуудлыг хэлэлцэв.
Төсвийн тогтвортой байдлын тухай хууль, 2026 оны Төсвийн тухай хуулиар Засгийн газар Төсвийн урсгал зардлыг ДНБ-ий 24 хувьд барих хязгаар тогтоосон. Энэ дагуу 2026 оны Төсвийн урсгал зардлын хэмжээ 24.6 их наяд, харин төсвийн нийт зарлага 32.9 их наяд төгрөг байна.
Багш нарын цалинг 25 хувиар нэмэхэд төсөвт 560 тэрбум төгрөг шаардлагатай. Харин цалинг 3.5 сая төгрөгт хүргэхэд 3.3 их наяд төгрөг хэрэгтэй. 2025 оны төсөвтэй харьцуулахад төсөвт зохицуулалт хийх, тэнцвэржүүлсэн орлогыг нэмэгдүүлэх үндэслэл одоогоор байхгүй. Зардлын хэмжээг нэмэгдүүлвэл суурь тэнцлийн 2 хувь ашигтай байна гэсэн заалт алдагдана. Тиймээс тэтгэвэр тэтгэмж, цалин нэмэх, тэтгэврийн зээлийн хүүгийн хэмжээг багасгах боломжгүй гэдэг тайлбарыг холбогдох яамдууд өгсөн юм.
Сангийн яам шаардлага хангахгүй, үр ашиггүй төсөл оруулж ирсэн яамдууд, төсвийн ерөнхийлөн захирагч нар руу төслүүдийг буцаах хэрэгтэй. 2026 оны төсөвт тусгахаар Сангийн яаманд нийт 14 их наядын төсөл хөтөлбөрүүд ирснээс 3.2 их наядын төсөл хөтөлбөрийг авсан. Нийтдээ 682 тэрбум төгрөгийн шаардлага хангахгүй төсөл хөтөлбөрүүдийг төсвөөс хасах хэрэгтэй зэрэг саналуудыг гишүүд гаргалаа.
ЭМД-ын шимтгэл төлж байгаа иргэд болон төрөөс даатгалыг нь хариуцдаг иргэдийн хоорондох ЭМД-ын зөрүү 500 тэрбум төгрөг байдаг. Тиймээс даатгалын системийг сайжруулах хэрэгтэйг салбарын сайд тайлбарлав.
Иргэн Б.Номингоос ирүүлсэн өргөдлийн дагуу эмч, багш нарын цалинг нэмэхийг судлах ажлын хэсэг байгуулахыг байнгын хорооны гишүүдийн олонх буюу 73.4 хувь нь дэмжлээ.
Нийтийн өргөдөл, гомдлын системийг сайжруулах журам батлах тухай байнгын хорооны тогтоолын төслийг дэмжив.