Орос- Украины дайн зогсох гээд байна уу?

Дональд Трамп, Владимир Путин нар ирэх тав дахь өдөр, наймдугаар сарын 15-нд Аляскт уулзахаар болсныг Америкийн лидер батлаад Москва руу дамжуулсан саналаас заримыг нь дуулгав. Америк, Оросын удирдагчид уулзахаар төлөвлөж байгааг Украины Ерөнхийлөгч Зеленский эсэргүүцэж, "Тэр хоёр ямар нэг тохиролцоонд хүрвэл тэр нь шийдэгдэхгүй мухардал руу хөтлөнө" хэмээн мэдэгдэв.
Орос, Украины хил хаагуур зааглагдах талаар Трамп гол саналаа дэвшүүлсэн байна. Оросуудын эзэлсэн зарим нутгийг тэр чигт нь үлдээх бололтой. Гэвч Трамп эзлэгдсэн зарим газар нутгийг "хоёр талын сайн сайхны төлөө" наймаалцах бодолтой байгаа аж. Энэ талаар бүр нарийн ширийн зүйл ярьсангүй, гэхдээ Зеленскийд ч буцааж авах хэрэгтэй зүйл байгаа, учир нь гэрээ байгуулахад энэ нь хэрэгтэй гэжээ.
"Би сүүлчийн боломж гэдэг үгийг хэрэглэх дургүй. Гэхдээ хоёр талын арми ядарч туйлдсан эгзэгтэй үед уулзалт болох гэж байна" хэмээн Трамп ярилаа. Тэрээр үгэнд нь орж өгөхгүй байгаа Путинд гомдолтой байгаа ч энэ удаа амжилт олно гэдэгтээ итгэлтэй байна. "Яагаад гэвэл би Жо Байден биш" хэмээн Трамп мэдэгджээ. Трамп яарч байгаа нь түүний сул тал болж байна, Путин энэ сул талыг нь ашиглаад буулт хийлгэх санаатай байна хэмээн хэвлэлүүд бичиж байна.
Б.Нямдорж