Дорноговь аймгийн Улаанбадрах сумын түүхт 100 жилийн ой тохиож байна
Энэ 2025 онд Дорноговь аймгийн Улаанбадрах сум байгуулагдсаны түүхт 100 жилийн ой тохиож байгаа бөгөөд ойн баяр наадам энэ сарын 20-22-ны өдрүүдэд Улаанбадрах суманд болж өнгөрлөө. Тавaн мянга гаруй наадамчид төрөлх сумынхаа 100 жилийн ойг ёслол төгөлдөр тэмдэглэн өнгөрүүлжээ.
1997 оноос тус суманд үйл ажиллагаа явуулж байгаа “Бадрах Энержи” компани нь энэхүү баяр наадмыг хамтран зохион байгуулсан ба 400 сая төгрөгөөр ивээн тэтгэж ажилласан байна.
Наадмын эхний өдөр баярын хурал, хүндэтгэлийн тоглолт болсон ба “Бадрах Энержи” компанийн Улаанбадрах сумын хөгжилд оруулж ирсэн үнэтэй хувь нэмрийг үнэлж 100 жилийн ойн медалийг компанийн хамт олонд гардуулжээ.
Наадмын хоёр болон гуравдахь өдрүүдэд хурдан морьдын уралдаан үргэлжлэхийн зэрэгцээ үндэсний бөхийн барилдаан, үндэсний шагайн харваа болон үндэсний сурын харваа зохион байгуулагдаж тамирчид хурд хүч, цэц мэргэнээ сорьцгоолоо. Наадмын сүүлчийн өдөр буюу 22-нд өсвөрийн бөхийн барилдаан, могжоохон даагатай жогжоохон хүү шалгаруулах уралдаан, хос морьтон шалгаруулах уралдаан гээд олон сонирхолтой арга хэмжээнүүд зохион байгуулагджээ.
Баяр наадмын өдрүүдэд “Бадрах Энержи” компани нь гэр болон асар засаж, олон зуун наадамчдыг хүлээн авч, хүндэтгэн уулзлаа. Компани 2006 оноос орон нутгийн төсөл, хөтөлбөрт нийт 9,2 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулаад байгаагаас өнгөрсөн оны байдлаар 5,6 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалтыг Улаанбадрах сумын нийгэм, эдийн засгийн хөгжилд зориулсан байна. 2028 онд компани үндсэн олборлолт эхлэхэд жил бүр орон нутгийн хөгжилд 1 сая гаруй ам.долларыг зарцуулах юм.