Гандантэгчэнлин хийдийн төв талбайг байгалийн чулуун хавтангаар шинэчилж, тохижуулав

Баянгол дүүргийн 16 дугаар хороонд байрлах Монголын бурхан шашинтны төв Гандантэгчэнлин хийдийн төв талбайн засвар шинэчлэлт, тохижилтын ажлыг нийслэлийн төсвийн хөрөнгөөр "Хот тохижилтын газар" ОНӨААТҮГ болон “Дабль пирамид констракшн” ХХК гүйцэтгэж, “Хот төлөвлөлт, судалгааны институт” ОНӨААТҮГ зураг төслийг боловсруулж, нийслэлийн Хөрөнгө оруулалтын газраас захиалагчийн хяналт тавьж ажиллалаа. Төв хийдийн урд нийт 8400 ам.метр талбайг байгалийн чулуун хавтангаар шинэчилж, 820 ам.метрт нь ногоон байгууламж урлаж, иргэд амарч суух сандал, гэрэлтүүлэг, хогийн сав, хашлага хайс, шатыг шинэчиллээ. Ингэхдээ талбайн төв хэсэгт монголчуудын эрт үеэсээ хэрэглэж ирсэн хүний амьдралын ямагт мөнх, үргэлжийн хөдөлгөөн, өлмий бат оршихуйн бэлгэдэл алхан хээг тойруулан урлаж, түүний дотор талд өсөн дэвжин мандан бадрахын бэлгэдэл зоосон хээг урлажээ. Энэ хэсэгт цам харайх бүжиг хийдэг байхаар төлөвлөжээ.
Монголын бурхан шашинтны төв Гандантэгчэнлин хийд Улаанбаатар хотод байгаа түүх, соёлын хосгүй дурсгал төдийгүй Монголын уламжлалт шашин, соёл, гүн ухааныг хадгалан түгээх чин ариун үүрэгтэй. Монголчуудын ёс суртахуун, нигүүлсэл, энэрэл хайраа даатган түгээх оюун санааны тулгуур болдог. Иймдээ ч хуримаа хийж буй хосууд, аялагч жуулчдын заавал очих газруудын нэг нь Гандантэгчэнлин хийд.