Б.Өнөрбаяр: Хиймэл оюун ухаан хурдацтай хөгжиж байгаа энэ үед инженер хүн код мэддэг байх нь том давуу тал болно

Японы нисэхийн их сургуулийн оюутан, Япон дахь Монгол Оюутны Холбооны гишүүн Б.Өнөрбаяртай ярилцлаа.
-Японы нисэхийн их сургуульд ямар мэргэжлээр суралцаж байна вэ?
Японы нисэхийн их сургууль (日本航空大学)-д Total Mobility Engineering буюу (нийт хөдөлгөөний инженер) мэргэжлээр суралцаж байгаа. Total Mobility Engineering буюу “Нийт хөдөлгөөний инженерчлэл” нь зөвхөн автомашин эсвэл онгоц судлах биш, харин бүх төрлийн тээврийн хэрэгсэл болон хөдөлгөөний системүүдийг хөгжүүлдэг инженерийн шинэ үеийн мэргэжил юм. Энэ мэргэжилд цахилгаан болон уламжлалт автомашин, онгоц, дрон зэрэг нисдэг төхөөрөмж, галт тэрэг, нийтийн тээвэр, автомат жолоодлоготой тээврийн хэрэгсэл (AI технологи), байгальд ээлтэй, ухаалаг тээврийн шийдлүүд, ирээдүйн ухаалаг хотын хөдөлгөөний системүүд зэрэг чиглэлүүд хамаардаг. Би энэ мэргэжлээр суралцаж байхдаа механик инженерчлэл, цахилгаан, электроник, програмчлал ба хиймэл оюун ухаан (AI), 3D дизайн ба зураг төсөл зэргийг судалж, ирээдүйн ухаалаг, аюулгүй тээврийн системүүдийг бүтээх мэдлэг, чадварыг эзэмшиж байна. Миний ирээдүйн зорилго бол Монголдоо техник технологийн хөгжилд хувь нэмэр оруулах гэж болно.
Сургуульдаа элсэхийн тулд ямар шалгалт өгч, хэрхэн элссэн бэ?
-Миний хувьд Японы нисэхийн ахлах сургуулийг амжилттай төгсөж, дараа нь их сургуульд элсэн суралцах боломжтой болсон. Гэхдээ энэ бүх замнал нь огтхон ч хялбар байгаагүй. Элсэлтийн шалгалт нь япон хэл дээр явагддаг бөгөөд математик, англи хэл, ярилцлага гэсэн гурван төвөгтэй хэсгээс бүрддэг. Ялангуяа, математикийн хэсэг нь япон хэл дээрх академик нэр томьёотой учраас гадаад оюутнуудад том сорилт болдог. Мөн ярилцлага нь зөвхөн хэлний мэдлэг биш, харилцааны ур чадвар, өөрийгөө илэрхийлэх, сэтгэлзүйн тэнцвэр шаарддаг.
Би Монголд байхдаа хангалттай сайн суралцаж чадаагүй. Энэ алдаагаа Японд ирээд л ухаарч, бүхнийг шинээр эхэлсэн. Өглөө бүр 4 цагт босож, хоцорсон мэдлэгээ нөхөхийн зэрэгцээ ахлах сургуулийн хичээл болон элсэлтийн бэлтгэлээ зэрэг амжуулан, маш их хөдөлмөрлөсөн. Миний хувьд зөвхөн сурах биш, бие бялдраа хөгжүүлэхийг ч чухал гэж үздэг. Би найзуудтайгаа хамт байнга дасгал хийдэг, энэ нь зөвхөн эрүүл мэнд биш, сэтгэлзүйн хувьд тогтвортой байхад их тусалдаг. Мөн сургуулийнхаа найрал хөгжмийн клубт (orchestra club) оролцож, флейт лимбэ тоглодог байсан. Хөгжим надад анхаарлаа төвлөрүүлэх, багаар ажиллах, тайван байдлыг олж авахад тусалсан. Мэдээж энэ бүхнийг даван туулж, тууштай байхад гэр бүл болон энэ сургуулийн багш нар минь үргэлж итгэж, сэтгэл санааны дэмжлэг үзүүлж, надад итгэсээр ирсэн. Тэдний туслалцаа, хайр, итгэл байгаагүй бол өнөөдрийн би байхгүй ээ.
Оюутны нэг өдөр нь хэрхэн өнгөрдөг вэ?
-Би өглөө бүр 4 цагт босож, 1 цаг гаруй дасгал хийдэг. Дараа нь өглөөний цайгаа уугаад 8 цаг гэхэд сургуульдаа явдаг. Хичээл маань орой 5 цаг хүртэл үргэлжилдэг. Мөн би хиймэл оюун ухаан хөгжүүлэх чиглэлд өөрийгөө сорьж байгаа тул орой бүр суралцдаг. Одоогоор тийм сайн биш ч гэсэн уйгагүй суралцаж, гэрийн даалгавраа хийж, цагаа зөв хуваарилж сурахыг хичээж байна. Миний youtube (UnuruLIT) болон Instagram (UnuruLiT) хаягаар миний оруулдаг бичлэгүүдийг үзэх боломжтой.
Сургууль болон сургалтын хөтөлбөрийнхөө тухай товч сонирхуулахгүй юу?
-Манай сургууль нь анх Дэлхийн II дайны үед нисэхийн цэргийн бааз байсан түүхтэй. Харин өнөөдөр Япон даяар 3 салбартай. Яманаши, Ишикава ( түр Токио руу нүүж ирсэн байгаа), Хоккайдод салбар сургуультай. Эдгээр салбаруудад ахлах сургууль, дунд сургууль, мөн их дээд сургуулиуд үйл ажиллагаа явуулж, нисэхийн чиглэлээр мэргэжлийн боловсон хүчнүүдийг бэлтгэж байна.
Япон хэлний түвшин ямар байх шаардлага тавигддаг вэ?
-Бүхээгийн ажилтан (2 жил)-Япон хэлний JLPT N3 түвшин шаардлагатай. Энэ нь ажлын үед хэрэглэх энгийн яриа, зааварчилгаа ойлгох, үйлчлүүлэгчтэй харилцах чадварыг хангадаг.
Нисгэгч (3 жил)-Япон хэлний JLPT N2 эсвэл түүнээс дээш түвшин шаардагдана. Нисгэгч нь техник удирдамж, нислэгийн дүрэм журам болон багийн гишүүд, нислэгийн удирдлагатай ойлголцох шаардлагатай.
Hийт хөдөлгөөний инженер (4 жил)-Япон хэл хамгийн багадаа JLPT N2 шаардлагатай бөгөөд төгсөх үедээ ихэвчлэн N1 түвшнийг хангах хэрэгтэй. Учир нь техникийн нарийн төвөгтэй сэдвүүд болон академик судалгааг багтаадаг тул өндөр түвшний унших, бичих, ойлгох чадвар шаарддаг.
Нисэхийн салбартай холбоотой мэргэжлүүдүүд бол маш хариуцлагатай мэргэжлүүдийн нэг. Ер нь суралцаж байхдаа ямар нэг хүндрэл бэрхшээлтэй тулгарч байна уу?
-Тийм ээ, хүндрэл байсан. Агаарын тээврийн салбар ер нь маш өндөр хариуцлагатай. Тийм болохоор суралцах явцад төвлөрөл, тэвчээр их шаарддаг. Миний хувьд хамгийн хэцүү санагдсан зүйл бол япон хэл дээрх хичээлүүд, ялангуяа физик. Зарим нэр томъёог ойлгоход эхэндээ хүндрэлтэй байсан. Гэхдээ аажмаар дасаж, өдөр бүр хичээгээд ирэхээр ойлгогдож эхэлдэг юм билээ. Хэцүү байсан ч шантраагүй. Хамгийн чухал нь өөртөө итгэлтэй байж тууштайгаар, бага багаар ахиж сурах юм байна гэдгийг ойлгосон.
Сургуулиа төгсөөд ажлын байртай болох боломж болон давуу тал хэр байдаг бол?
-Манай сургууль ажлын байраар хангах тал дээр үнэхээр сайн. Төгсөгчдийн бараг 99% нь шууд л ажилд ордог. Нисэх, инженерчлэл зэрэг чиглэлд яг л сурсан мэдсэнээрээ ажиллах боломжтой. Мөн сургууль маань компаниудтай маш сайн харилцаатай байдаг учраас ажил олоход их дэмжлэг болдог. Тийм болохоор төгсөөд юу хийх вэ гэж санаа зовох шаардлага бараг байдаггүй.
Танай сургуульд монгол оюутнууд сурдаг уу?
-Монгол оюутнууд сурдаг. Ахлах сургуульд хэд хэдэн монгол сурагч суралцаж байгаа. Сүүлийн жилүүдэд Монгол xүүхдүүд энэ салбарт сонирхолтой болж, Япон руу сурахаар ирэх нь нэмэгдэж байгаа.
Ирээдүйд нисгэгч болон агаарын тээврийн салбартай холбоотой мэргэжлүүдийг AI орлох боломжтой юу. Энэ талаар ямар бодолтой байна?
-AI хурдацтай хөгжиж байгаа нь үнэн. Зарим ажлыг аль хэдийн автоматжуулж, хөнгөвчилж эхэлсэн. Ирээдүйд ч мөн адил агаарын тээвэрт AI туслах үүрэгтэйгээр нэвтрэх нь гарцаагүй. Гэхдээ миний бодлоор нисгэгч гэх мэт өндөр хариуцлагатай мэргэжлийг AI бүрэн орлоно гэж боддоггүй. Учир нь онцгой нөхцөл байдалд хүн л бодож шийдвэр гаргах чадвартай байдаг. AI туслаад, системийг дэмжээд явах ч, гол шийдвэрийг хүн л гаргана. Мөн зөвхөн техник биш, ёс суртахуун, шийдвэр гаргах, харилцаа, сэтгэлзүй зэрэг олон талын ур чадвар шаардсан мэргэжлүүдийг AI 100% орлох хэцүү гэж боддог. Тиймээс ирээдүйд AI-тай хамтран ажиллах, түүнийг ойлгож ашиглах чадвартай мэргэжилтнүүд л илүү үнэ цэнтэй болно гэж итгэж байна.
Таны суралцаж байгаа мэргэжлээр суралцах хүсэл сонирхолтой залууст өөрийн хувийн туршлагаасаа хуваалцвал?
-Total Mobility Engineering гэж мэргэжил Монголд бараг танигдаагүй. Манайхан ер нь машин зохион бүтээх, oнгоц дрон төхөөрөмж хийнэ гэхээр “тэр ч хэцүү байлгүй дээ” гэж боддог. Гэхдээ яг үнэндээ энэ бол маш ирээдүйтэй, сонирхолтой мэргэжил юм. Гадаадад, ялангуяа Японд бол энэ чиглэлд сурсан хүмүүсийг үнэхээр өндрөөр үнэлдэг. Хэрэгцээ ч ихтэй. Ирээдүйд Монголд ч гэсэн энэ чиглэл хөгжих нь гарцаагүй. Хэн түрүүлж суралцаж, бэлдэж эхэлнэ, тэр л боломжийг хамгийн түрүүнд ашиглана гэж бодож байна. Хэрвээ үнэхээр энэ салбарт орохыг хүсэж байвал юуны түрүүнд математик, физикийн хичээлдээ сайн анхаараарай. Ялангуяа, 10 жилдээ анзаарахгүй өнгөрөөсөн хичээл байвал одоо л нөхөж эхлэх цаг. Би өөрөө ч яг тийм байсан. Нөгөөтээгүүр, сүүлийн үед программчлал, xиймэл оюун ухаан маш том давуу тал болж байна. Хиймэл оюун ухаан, автоматжуулалт гэх мэт зүйлс их хурдацтай хөгжиж байгаа болохоор инженер хүн код мэддэг байвал шууд л маш том давуу тал болж байна.
Хэрвээ чи одоо яг “Би хаанаас эхлэх вэ?” гэж бодож байгаа бол шууд 0-ээс эхэл. Жаахан хэцүү санагдаж магадгүй, гэхдээ өдөр бүр бага багаар хийдэг хүн л цаашаа явдаг. Өөрийгөө бэлд, зоригтой бай, яваандаа үр дүн нь гардаг юм билээ.
Нисгэгч болох хүсэлтэй залуус ч их байдаг. Энэ тохиолдолд ямар хичээлүүддээ түлхүү анхаарч, хаанаас эхлэх талаар ямар зөвлөгөө өгөх вэ?
-Tөгсөж буй дүү нартаа хандаж хэд хэдэн зөвлөгөөг өгмөөр байна. Хэрвээ чи өөрийгөө хөгжүүлж, амьдралдаа ахиц дэвшил гаргахыг хүсэж байвал цагийн менежмент, мөн хамтдаа суралцаж, өсөж дэвжих хүсэлтэй найз нөхдийн хүрээлэл маш чухал байдаг. Мөрөөдөлтэй бол түүнийгээ хамгаал, хөдөлмөрлө, xэн ч чамд итгэхгүй байсан ч, чи өөртөө итгэж бай. Боломж хэзээ гарч ирэхийг тааж мэдэх боломжгүй тул, боломж бүрд бэлэн байх үүднээс өөрийгөө бэлтгэж, хөгжүүлж байх хэрэгтэй. Миний амьдралд гарч ирсэн хамгийн том боломжуудын нэг бол сургууль минь байсан. Энэ газар надад зөвхөн суралцах боломж төдийгүй өөрийгөө нээж, хувь хүний хувьд өсөж хөгжих, ирээдүйгээ бүтээх үнэтэй алхмуудыг хийх нөхцөлийг бүрдүүлсэн. Би анх “BEULAH” япон хэлний сургалтын төвөөс н.Алимансар гэдэг хүний зуучлалаар Японы нисэхийн сургуульд суралцах ховор боломжийг олж авсан. Энэ хөтөлбөр нь 2000 оноос хойш хэрэгжиж байгаа бөгөөд олон монгол хүүхэд энд амжилттай суралцан, төгссөн байдаг. Гэхдээ жил бүр маш цөөн хүүхдийг л сонгон авдаг тул өрсөлдөөн өндөр, боломж ховор байдгаараа онцлог гэдгийг эцэст нь хэлмээр байна.
Ярилцсанд баярлалаа. Сурлагын амжилт хүсье.