Холбоо барих

Г.Занданшатар Ерөнхийлөгчөөс бусад бүх өндөр албан тушаалд хүрлээ

Г.Занданшатар Ерөнхийлөгчөөс бусад бүх өндөр албан тушаалд хүрлээ

Монголын 34 дэх Ерөнхий сайдаар өнгөрсөн шөнө томилогдсон Гомбожавын Занданшатарын намтар түүхийг сөхвөл Намбарын Энхбаярын араас бичигдэхээр улс төрийн өндөр албан тушаалд хүрсэн нэгэн болж байна. Ерөнхий сайдаар Гомбожавын Занданшатарыг томилох саналыг чуулганы нэгдсэн хуралдаанд оролцсон 117 гишүүний 108 нь буюу 92.3 хувь нь дэмжсэн юм.

Тэрбээр улс төрийн намын ажлын тухайд МАН-ын залуучуудын холбоог удирдаж байсан, намынхаа Ерөнхий нарийн бичгийн дарга хэмээх улс төрийн ууган хүчний гал тогоог хариуцдаг томоохон албыг ч хашиж байв.

Парламентын тухайд  Г.Занданшатар нь УИХ-ын гишүүн, УИХ-ын даргаар хоёр удаа улиран ажиллаж байлаа.

Харин Гүйцэтгэх засаглалын тухайд Хүнс, хөдөө аж ахуйн дэд сайд, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга, Гадаад харилцааны сайдаар ажиллаж байв. Одоо ингээд Ерөнхий сайдын адбанд очлоо. Төрийн тэргүүний албанд очихоос бусдаар бол улс төрийн бүх өндөр албан тушаалд хүрсэн, туршлагатай улстөрч болж Монголын улс төрийн түүхэнд бичигдэхээр болов. Тэр Ерөнхийлөгчийн сэнтийд ч очих магадлал маш өндөр байна.

Хэрэв Ерөнхий сайд  Г.Занданшатар Засгийн газрын бүтцээ зөв тодорхойлж, ард түмний хүлээлтэд нийцсэн бодлого явуулж, танхимдаа зөв хүмүүсийг сайдаар авч, цаашлаад намын даргын албаа аваад сайн ажиллаж чадвал улс төрийн бүх албаны тушаалын өндөрлөгт хүрэх боломжтой юм. Тодруулбал, эрх баригч хүчин МАН-аас ирэх 2027 оны Ерөнхийлөгчийн сонгуульд Ерөнхий сайд Г.Занданшатарыг нэр дэвшүүлэх биз ээ. Хамгийн боломжтой кандитат бол яах аргагүй тэр мөн гэж өнөөдөртөө харагдаж байгаа юм.

МАН ээлжит Их хурлаа ирэх намар хийнэ гэдгээ эртнээс зарласан. Их хурлаараа намын  даргынхаа томилгоог хэлэлцэж таарна. Шинэ Ерөнхий сайд Г.Занданшатар намаа авах биз. Зарчмын хувьд ч, дүрмийн хувьд ч намын даргын ажлаа дараагийн Ерөнхий сайддаа хүлээлгэн өгнө гэдгээ одоогийн намын дарга Л.Оюун-Эрдэнэ саяхан болсон Бага хурлынхаа үеэр хэлсэн гэдэг.

Иймд ирэх 2027 оны Ерөнхийлөгчийн сонгуульд Г.Занданшатараас өөр нэр дэвшигч МАН-аас гарахгүй л болов уу. Цаг хугацааны хувьд 2027 оны сонгууль энүүхэнд.  Ийм үед өөрчлөлт хийнэ гэдэг юу л бол. Гарам дээр ирээд морио сэлгэдэггүй гэдэг дээ. Угаас 2027 оныг харж Ерөнхий сайдад Г.Занданшатарыг санал болгосон болов уу.

Түүнтэй зэрэгцэн Ерөнхий сайдад үзэх сонирхолтой залуус МАН-д олон байгаа ч хашир, туршлагатай, намтар түүх арвинтай хүнийг 34 дэх Ерөнхий сайдад нэр дэвшүүлсэн нь дараагийн Ерөнхийлөгчийн сунгааны бэлтгэл гэж улс төрийн хүрээнийхэн ойлгож хүлээн авсан биз.

Хэрэв Гүйцэтгэх засаглалын тэргүүн эдийн засагт бодитой өсөлт авчирч, иргэдийн амьжиргааг дээшлүүлэх, төрийн албаны данхар бүтцийг хумих, татварын шинэчлэл хийх, төсөвт тодотгол хийж хэмнэлтийн горимд оруулах, танхимаа илүү чадварлаг, цомхон болгох гээд олон нийтийн хүлээсэн зүйлийг хийж чадахгүй бол ирэх сонгуулиас өмнө түүнд итгэх иргэдийн итгэл найдвар алдарна.

Админ