Г.Занданшатар Монголын 34 дэх Ерөнхий сайд бөгөөд МАН-ын дарга болно

МАН-ын Бага хурлын VII хуралдаан өнөөдөр боллоо. Тус намын генсек Я.Содбаатар хурлын дараа мэдээлэл хийхдээ Бага хуралд 347 төлөөлөгч оролцож, 67.84 хувийн саналаар Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга Г.Занданшатарыг Монгол Улсын Ерөнхий сайдад нэр дэвшүүлэхээр болсон тухай зарлав.
Тус намын Удирдах зөвлөлөөс Г.Занданшатарыг Ерөнхий сайдад нэр дэвшүүлэхээр Бага хуралдаа танилцуулсан бол танхимаас УИХ-ын гишүүн Г.Тэмүүлэн нэрээ дэвшүүлэн өрсөлджээ.
Харин УИХ-ын дарга Д.Амарбаясгалангийн нэрийг Хөвсгөлийн МАН-ын хорооны дарга Л.Төмөрбаатар нэр дэвшүүлсэн ч спикер татгалзсан байна. Мөн Бага хурлын гишүүн С.Нэргүй нь өөрийн нэрийг Ерөнхий сайдад нэр дэвшүүлсэн ч дараа нь нэрээ татжээ.
Маргаашаас МАН-аас Ерөнхий сайдад нэр дэвшигч Г.Занданшатарын нэрийг Ерөнхийлөгчид танилцуулж, улмаар УИХ-д өргөн барьж томилуулах юм байна.
Г.Занданшатар нь Баянхонгор аймагт төрж, өссөн. УИХ-ын гишүүн, Гадаад харилцааны сайд, МАН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга,УИХ-ын даргаар ажиллаж байсан, одоо Ерөнхийлөгчийн Тамгын газрын даргаар ажилладаг нам, төрийн арвин туршлагатай нэгэн юм.
Түүнийг МАН-ын дүрэмд заасны дагуу Ерөнхий сайдаар томилуулсны дараа намын даргаар сонгохоор болжээ. Одоогийн намын дарга Л.Оюун-Эрдэнэ ч зарчмын хувьд шинэ Ерөнхий сайд нь намын дарга болох ёстой гэж үзэж буйгаа Бага хурлын гишүүддэээ танилцуулсан байна. Ийнхүү Г.Занданшатар нь Монголын 34 дэх Ерөнхий сайд бөгөөд МАН-ын дарга болох нь тодорхой болжээ.
Д.Гэрэл