Токиод дадлагажигчаар ажиллаж байсан монголчууд танхайрч, цагдаад баригджээ

Сүүлийн жилүүдэд Япон улсад сурч, ажиллах монгол иргэдийн тоо эрс нэмэгдсэн. Тус улсад оршин суух монголчуудын тоо нэмэгдэхийн хэрээр гэмт хэрэгт холбогдох, өртөх асуудал ихсэж байгааг Монгол Улсаас Япон улсад суугаа Элчин сайдын яамнаас мэдээлсээр байгаа.
Тэгвэл өнөөдөр Япон Улс дах Монгол Улсын Элчин сайдын яамнаас дахин нэг анхааруулгыг гаргасан байна.
АНХААРУУЛГА
Япон Улсад Ур чадварын дадлагажигчаар ирээд удаагүй 8 монгол иргэн, үндсэн ажилтнаар ажиллаж байгаа 3, нийт 11 иргэн хоорондоо танилцах зорилгоор 2025 оны 4 дүгээр сарын 18-ны өдөр амьдрах байрны нэг өрөөндөө нийллэг зохион байгуулжээ.
Тэд согтууруулах ундаа хэтрүүлэн хэрэглэснээс хоорондоо муудалцан, нэгэндээ хүч хэргэлэн танхайрч ноцтой гэмтэл учруулсан хэрэг гарсан. Тус хэргийг Точиги мужийн Канамү хотын Цагдаагийн газар шалгаж байгаа ба Элчин сайдын яам тус асуудлын мөрөөр илгээгч байгууллага болон хүлээн авагч байгууллагатай холбогдон ажиллаж байна.
Бусдын биед халдах, гэмтэл учруулах, танхайрах нь Японы Эрүүгийн хуулиар торгох, 2 жил болон 15 жилээс дээш хугацаагаар хорих зэрэг хуулийн заалттай байна.
Эрүүгийн хууль ноцтой зөрчин Япон Улсад ял эдэлж байгаа иргэдийн тоо жилээс жилд нэмэгдэж байна. Монгол Улсаас Япон Улсад ажиллаж буй монгол иргэд өөрийн болон бусдын амь нас, эрүүл мэнд, алдар нэрийг эрхэмлэн, ажиллаж амьдарч буй байгууллага, хамт олон, хот сууриндаа тус улсын түүх соёл, зан заншлыг хүндэтгэн, хууль дүрмийг мөрдөж ажиллахыг анхааруулж байна.
Эх сурвалж: МОНГОЛ УЛСААС ЯПОН УЛСАД СУУГАА ЭСЯ