Ерөнхийлөгчийн талаас Я.Содбаатар уу, Г.Занданшатар уу, эсвэл наяад оны төлөөлөл дахин гарч ирэх үү?

МАН-ын Бага хурал өнөөдөр буюу 9-ний даваа гарагийн 11:00 цагт Тусгаар тогтнолын байрандаа хуралдахаар болсон тухай өнгөрсөн долоо хоногийн баасан гарагт Удирдах зөвлөл нь эцэслэн шийдсэн билээ. Хэвлэлийнхний хүлээж байсан шинэ Ерөнхий сайдын нэр Удирдах зөвлөлөөс нь тодроогүй бөгөөд нийгмийн сүлжээнд, улс төрийн хүрээнд таамаг төдий хэдэн нэрс явсаар л буй.
Хэн нь Ерөнхий сайд бөгөөд МАН-ын дарга болох вэ гэхээс илүүтэй хэний бүлэглэл энэ суудлыг авах вэ гэдэг тус нам доторх тэмцлийг улам хурцатгаж буй гэх.
Эцсийн дүнгээрээ Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн талаас шинэ Ерөнхий сайдад нэр дэвшүүлж Бага хурлаараа дэмжүүлнэ гэсэн мэдээлэл олон сайтад гарчээ. Хэрэв энэ талаас гэвэл өмнө нь Ерөнхийлөгчийн Тамгын газрын даргаар ажиллаж байсан, одоогийн МАН-ын генсек Я.Содбаатар байх магадлал өндөр. Эсвэл одоогийн Тамгын газрын дарга Г.Занданшатар байж ч магадгүй юм. Энэ хоёр эрхэм Төрийн тэргүүнд ойр байгаа, Ерөнхий сайд болчихоор хамгийн боломжтой хувилбар ч гэлээ Я.Содбаатар УИХ-ын гишүүн биш, Г.Занданшатар нь өнгөрсөн 2024 оны сонгуулиар Хангайн бүсэд нэр дэвшээд ялагдсан.
Өмнө нь УИХ-ын даргаар ажиллаж байсан Г.Занданшатарыг туршлагатай, тулхтай, тохитой улстөрч гэж хамгийн боломжит хувилбар дээр таамагласан хэвээр. Сүүлийн чуулганаа хаахын өмнөхөн спикер асаалттай өсгөгч дээрээ п... хэлснээс өөрөөр түүнд хазгай гишгэсэн хий гэж бараг үгүй. Удам судар гэдэг улс төрд нэлээд жин дардаг үзүүлэлтэд ч Г.Занданшатар бусдаасаа илүү. Эцэг нь хуучны Намын дээд сургууль, одоогийн Удирдлагын академид сурч байхад нь Г.Занданшатар мэндэлж, багаасаа нийгэм, улс төрийн амьдралд ойр өссөн сэхээтэн гэдэг юм билээ.
Удам судар сөхөж буй учир нь Ерөнхий сайдын сунгаанд УИХ-ын гишүүн Г.Тэмүүлэнг нэрлэж байгаатай холбоотой. Тэрбээр Г.Занданшатартай хамт Хангайн бүсэд нэр дэвшиж, энэ бүсэд МАН үнэмлэхүй ялагдаж, хоёр л гишүүн гарч ирсний нэг нь Г.Тэмүүлэн юм. Улс төр, улс орны эдийн засгийн талаар чамгүй мэдлэгтэй Г.Тэмүүлэнг Ерөнхий сайдад зүтгүүлэхээр сошиалд нэр нь явж байгаа ч түүний аав Ч.Ганзориг нь ГОК-ын эзэн явсан, сайн нэргүй тул хүүгээ хойш чангаах нэг шалтаг болж байх шиг.
Г.Тэмүүлэнтэй хамт МАН-аас хоёрхон нэр дэвшигч Хангайн бүсээс гарч ирсний нэг нь Б.Батцэцэг. Эмэгтэй Ерөнхий сайдад түүнийг дэвшүүлнэ гэх таамаг явж байгаа ч Гадаад харилцааны сайдын суудалд хоёр ч Засгийн газарт ажилласан хүн албан тушаал ахих бус харин ч хариуцлага хүлээх ёстой гэж үзэх бүлэглэл бий.
Дахин наяад оны төлөөлөл гаргаж ирнэ гэвэл одоогийн УИХ-ын дарга Д.Амарбаясгалан гэх хувилбар бий. Түүнийг болон хотын дарга Х.Нямбаатарыг дараагийн Ерөнхий сайдад дэмжүүлэхээр албан тушаалаасаа буух гэж буй Л.Оюун-Эрдэнэ намын Удирдах зөвлөлдөө тулгасан гэх мэдээлэл ч гарчээ. Д.Амарбаясгалан бол яах аргагүй АНУ-д хамт суралцаж явсан анд найз нь, нэг нэгийгээ улс төрийн тавцанд дэмжиж буй хоёр.
Х.Нямбаатарын тухайд шударга тавын хөдөлгөөн өрнүүлж М.Энхболдыг Ерөнхий сайдын суудлаас унагалцаж явсан шадар нь гэдгийг монголчууд бүгд мэднэ.
Төрийн тэргүүн хэдий намын батлахаа тушаасан байдаг ч ах намын үйл хэрэгт онцгойлон оролцсоор байгаа гэдэг. Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэд итгэл үзүүлэх эсэх УИХ-ын чуулганд шөнө морилохдоо хэлсэн үгээс үзвэл наяад оны хоёр дүүдээ итгэл алдарсан аж.
Гол нь Монгол Улсын 34 дэх Ерөнхий сайд нь МАН-ын дараагийн дарга болно, цаашлаад 2027 оны Ерөнхийлөгчийн сонгуульд өрсөлдөх боломжтой болно, үгүй юмаа гэхэд 2028 оны УИХ-ын сонгуульд намаа удирдан оролцох зэрэг асар том манлайллыг үзүүлэх учиртай. Ийм амбицтай албанд одоогийн Ерөнхий сайдын бүлэглэлийн хүнийг дахиж зүтгүүлэх сонирхол ах намын 60 болоод 70-аад оны ах нарт байхгүй нь мэдээж.
Ойрын хоёр сонгуулийн үр дүнгээ бодож үзвэл Төрийн тэргүүн талаасаа, бүр тодруулбал, Г.Занданшатар, Я.Содбаатар хоёроос өөр сонголт байхгүй гэж харагдаж байна. Тэд Ерөнхий сайд болсон ч танхимаа УИХ дотроос бүрдүүлэх бүрэн боломж, эрх нь бий.
Иймд дал, наяад оны төлөөлөл гэж үе хоорондын ялгаа гэхээс илүүтэй удам судар, улс төрийн үүх түүхээ бодолцож МАН-ын Бага хурлаас шийдвэр гаргах буй за.
Д.Гэрэл