Шинэ Ерөнхий сайд МАН-ын дарга болно

МАН-ын Удирдах зөвлөл өнөөдөр хуралдаж дараагийн Бага хурлаа ирэх даваа гарагт /2025.06.09/ 11:00 цагаас хуралдуулахаар зарлав. Бага хурлаар Ерөнхий сайдад нэр дэвшигчийг хэлэлцэн олонхийн дэмжлэг авсан хүнийг Ерөнхийлөгчид танилцуулах, улмаар УИХ-д өргөн барьж томилуулах учиртай.
Одоогоор шинэ Ерөнхий сайдын нэрс эцэслэн гараагүй бөгөөд хэвлэлийнхний дунд таамаг төдий хэд хэдэн нэрс явсаар байгаа юм. Хамгийн боломжтой хувилбар нь парламентын гаднаас гэвэл Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга Г.Занданшатар, хэрэв УИХ дотроос гэвэл С.Бямбацогт, Г.Тэмүүлэн нарыг нэрлэсээр байна. Ямар боловч шинээр томилогдох Ерөнхий сайд МАН-ын дарга болох ёстой. Учир нь ах намын дүрэмд ийм заалт бий.
Тодруулбал, МАН-ын Үндсэн дүрмийн 24 дүгээр зүйлийн Монгол Ардын Намын дарга, түүний бүрэн эрх гэсэн хэсэгт:
24.1. Монгол Ардын Нам даргатай байна. Монгол Ардын Намын дарга нь намын тэргүүн мөн.
24.2. Монгол Ардын Намын даргыг намын Их хурлаас дараагийн Их хурал хүртэлх хугацаагаар сонгох бөгөөд намын дарга дараах бүрэн эрхтэй байна:
24.2.1. намын ардчилал, эв нэгдлийг хангах;
24.2.2. намыг дотоод, гадаадад төлөөлөх;
24.2.3. Намын Ерөнхий нарийн бичгийн дарга, Удирдах Зөвлөлийн гишүүн, Нарийн бичгийн даргыг сонгуулах саналыг Бага хуралд оруулах;
24.2.4. намын дүрэм, намын хичээн эрмэлзэх зүйл (мөрийн хөтөлбөр), намын Их хурлын шийдвэрийг хэрэгжүүлэхтэй холбогдсон тодорхой асуудлаар Удирдах Зөвлөлд санал оруулах.
24.3. УИХ-ын сонгуульд Нам олонх болсон бол Намын даргыг Ерөнхий сайдад нэр дэвшүүлнэ.
24.4. Намын даргын дэргэд намын бодлого, үйл ажиллагааны уламжлалыг хангах үүднээс улс төрийн бодлогын талаар зөвлөлдөх байнгын бус Зөвлөхүүдийн танхим ажиллана.
Танхимын бүрэлдэхүүнд Намын дарга, Ерөнхий нарийн бичгийн даргаар болон Ерөнхийлөгч, УИХ-ын дарга, Ерөнхий сайдаар намаас нэр дэвшин сонгогдож, томилогдон ажиллаж байсан намын гишүүд байна.
24.5 Намын даргын санаачилгаар Улс төрийн бодлогын зөвлөлийн гишүүд Удирдах зөвлөлийн өргөтгөсөн хуралдаанд санал таслах эрхтэй оролцож болно. Улс төрийн бодлогын зөвлөлийн үйл ажиллагааны журмыг Удирдах Зөвлөлөөс батална.
Админ