Монголын 34 дэх Ерөнхий сайд пүрэв гарагт тодорно

Монголын 32 ба 33 дахь Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ огцрох нь өнгөрсөн шөнө тодорхой болсон билээ. Ерөнхий сайдыг огцорсонд тооцох тухай тогтоолыг УИХ-аар баталснаар түүний тэргүүлдэг Засгийн газар бүрэн бүрэлдэхүүнээрээ огцрох юм. Иймд МАН, АН, ХҮН намын нийлж байгуулсан хамтарсан Засгийн газрын бүрэн эрх дуусгавар болж байна. Иймд дараагийн буюу Монголын 34 дэх Ерөнхий сайдыг тодруулах эрх нь парламентад олонх болсон МАН-д бий. Тус намын удирдлагууд Бага хурлаа энэ пүрэв гарагт хуралдуулж шинэ Ерөнхий сайдад нэр дэвшүүлэх эрхмээ тодруулахаар болжээ. Эхлээд МАН Удирдах зөвлөлөөрөө нэр дэвшигчээ хэлэлцэн Бага хуралдаа танилцуулж Ерөнхий сайдад нэр дэвшүүлэх хүнээ тодруулна. Улмаар УИХ-д өргөн барьж, намын бүлгүүдээр хэлэлцэн, Төрийн байгуулалтын байнгын хороо, чуулганы нэгдсэн хуралдаанаар томилно. Ингээд шинэ Ерөнхий сайдыг томилсноор, тэрбээр танхимаа шинээр бүрдүүлэх бүрэн эрхээ хэрэгжүүлж эхэлнэ. Одоогоор МАН дотор Гүйцэтгэх засаглалын тэргүүнд тохирох хэд хэдэн кандидатыг хэвлэлүүд онцолсоор байна. Тодруулбал, тус намын Ерөнхий нарийн бичгийн дарга Я.Содбаатар, Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга Г.Занданшатар нар. Тэд бол УИХ-ын гишүүн биш. Хэрэв тэдний аль нэг нь Ерөнхий сайдаар тодорвол Засгийн газрын шинэ тэргүүн парламентад суудалгүй сул хүн болох юм. Эсвэл УИХ дотроос хэн нэгнийг нэр дэвшүүлэхээр бол одоогийн ЗГХЭГ-ын дарга Н.Учрал, Сангийн сайд Б.Жавхлан, Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд Ж.Энхбаяр, УИХ-ын Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны дарга Г.Тэмүүлэн зэрэг нэрс таамагт явж байна. Ямар боловч Монгол Улсын 34 дэх Ерөнхий сайд хэн болох вэ гэдэг нь МАН-ын Удирдах зөвлөл, Бага хурлаас гаргах эцсийн шийдвэр байх юм. Эрх баригч нам Бага хурлаа яаравчлан зарласан нь үйл явдал маш хурдтай өрнөх нь тодорхой болж байна.