Холбоо барих

Цахим мөрийтэй тоглоом, бооцоот тааврыг бүрэн хориглолоо

Цахим мөрийтэй тоглоом, бооцоот тааврыг бүрэн хориглолоо

Засгийн газраас цахим мөрийтэй тоглоом, бооцоот таавар, төлбөрт уралдааныг бүхэлд нь хориглох хууль санаачилж, өнөөдөр УИХ хэлэлцэн баталлаа.

Тодруулбал, Улсын Их Хурлын өнөөдрийн (2025.05.30) чуулганаар Зөвшөөрлийн тухай хууль, Эрүүгийн хууль, Зөрчлийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг эцэслэн баталлаа. Ингэснээр Эрүүгийн хуульд заасан нэмэлт, өөрчлөлтийн хүрээнд цахим мөрийтэй тоглоом, бооцоот тоглоом, төлбөрт тааврыг зохион байгуулсан, мөн энэ төрлийн гэмт хэргийг зохион байгуулахад өөрийн данс, утасны дугаар, цахим мөнгө, цахим хаяг зэргээ ашиглуулсан “Агент”-уудад эрүүгийн хариуцлага тооцох эрх зүйн орчин бүрдлээ.

Мөн Зөрчлийн тухай хуульд оруулсан өөрчлөлтөөр төлбөрт таавар, бооцоот тоглоом, мөрийтэй тоглоомыг сурталчилж, хүүхэд, залуучуудыг энэ төрлийн тоглоом тоглоход уриалан дуудсан үйлдэлд зөрчлийн хариуцлага оногдуулах нөхцөл бүрдэж байна.

Үндэсний статистикийн хорооноос хийсэн судалгаагаар 2023 оны байдлаар эдийн засгийн гэмт хэрэг 200 бүртгэгдэж, 2024 онд эдийн засгийн гэмт хэргийн улмаас нийт 417.2 тэрбум төгрөгийн хохирол учирсан байна.

Мөн бооцоот тоглоом, мөрийтэй тоглоомын 1XBET сайтаар манай улсаас 1.7 их наяд төгрөг буюу 500 сая ам.доллар 110 гаруй “агент”-аар дамжин гадаад улс руу гарсан байна. Энэ нь гадаад улсын вэбсайтуудаар Монгол Улсын иргэд цахим гэмт хэрэг, залилангийн хохирогч болж, хөрөнгөө их хэмжээгээр алдах, амь нас эрсдэх эрсдэлийг дагуулж, үндэсний валют хяналтгүйгээр гадагш урсаж, манай улсын эдийн засагт ихээхэн хэмжээний хохирол учруулж байгаа юм.

Хууль батлагдсанаар:

  • Агентуудад эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ
  • Цахим мөрийтэй тоглоом сурталчилсан, уриалсан бол зөрчлийн хариуцлага хүлээнэ.
  • Цахим мөрийтэй тоглоомонд Монголоос хандах эрх хууль ёсны дагуу хаагдана.
  • VPN зэргийг ашиглан тоглосон тохиолдолд хуулийн хариуцлага хүлээнэ.
  • Монголчуудын хөрөнгө гадагш урсах хяналтгүй суваг хаагдана.
  • Харийн этгээдийн мөнгө угаалт, оффшор дамжуулалт зогсоно.
  • Иргэдээ цахим залилан, эдийн засгийн гэмт хэргийн хохирогч болохоос урьдчилан сэргийлнэ.