Д.Болормаа: Австралид оюутнууд сурангаа ажиллах, аялах, амьдрах зардлаа ч нөхөх бүрэн боломжтой, олон давуу талтай

Энэ удаагийн зочноор Австрали улсад сурдаг, гэр бүлээрээ амьдардаг залуусын төлөөлөл Д.Болормааг урьж ярилцлаа.
Тэрээр хүүхэд залууст хандсан боловсрол, хувь хүний хөгжлийн талаарх мэдээллүүд, Австралид суралцах, гэр бүлээрээ ажиллаж амьдрах нөхцөл боломжийн талаар хувийн туршлага зөвлөгөө мэдээллүүдийг бэлтгэн цахим хуудсаараа дамжуулан идэвхтэй хуваалцдаг билээ.
Д.Болормаа нь Хөвсгөл аймгийн Галт суманд төрсөн. Сэтгүүлч, эрх зүйч мэргэжилтэй. Монголдоо хэвлэл мэдээлэл болон барилга, эрчим хүчний салбарт хэвлэлийн төлөөлөгч, сургалт судалгааны чиглэлээр ажиллаж байгаад хэсэг хугацаанд завсарлаж Австрали улсад суралцахаар шийдсэн байна.
Та яагаад Австрали улсыг сонгон суралцахаар болов. Энэ талаар ярилцлагаа эхлүүлье?
-Хүүхэд болон гэр бүлийнхээ эрүүл мэнд, боловсролд хөрөнгө оруулалт хийх гэсэн 2 үндсэн зорилготой Австралид ирсэн. Ковидын дараа агаар орчны бохирдол зэрэг олон шалтгааны улмаас өвөлжин ээлжилж ханиад томуу хүрж, дархлаажиж амжилгүй дараагийн өвчлөл эхэлж, эмийн хэрэглээ хэт их болж ер нь л хүндхэн байдалтай байсан. Ялангуяа хүүхдээ өвдсөн үед асрах гээд ажлаасаа чөлөө авна, идэвхтэй ажиллах, ажил амьдралаа төлөвлөх ч боломжгүй гэх мэт үнэхээр төвөгтэй байдлуудыг бидэн шиг залуу гэр бүлүүд бүгд л адилхан туулсаар ирсэн байх. Энэ бүхнийг даван туулах гэж янз бүрээр оролдож үзээд эцэст нь гэр бүлээрээ хэсэг хугацаанд гадаадад сурангаа хүүхдээ эрүүл орчинд амьдруулъя гэж шийдээд судалж эхэлсэн.
Тухайн үед амьдрах орчин, боловсролын чанар, цалин хөлс зэрэг аль ч талаар хамгийн сайн нөхцөлтэй нь Австрали байсан. Нөгөө талаар виз нь маш чанга, шаардлага өндөртэй боловч яг тухайн үед ковидын дараа үүссэн ажиллах хүчний хомсдолыг бууруулах зорилгоор гадаад оюутнуудын визний бодлогоо зөөллөсөн үе байсан учраас Австралийг сонгосон. Хэрэв тийм үе таараагүй бол Ирланд эсвэл англи хэлтэй өөр аль нэг улс руу явах байсан. Хүү маань ирснээсээ хойш 2 жилийн хугацаанд ханиад хүрсэнгүй, эрүүл орчинд идэвхтэй сурч, хөгжиж байгааг хараад гэр бүлийн маань гаргасан зоригтой шийдвэр, тодорхойлсон зорилго төлөвлөгөө оновчтой байжээ гэж харж байгаа.
Анх суралцах хөтөлбөр, сургуулиа хэрхэн сонгож байсан туршлагаасаа хуваалцвал. Мөн сургуулийнхаа талаар товч танилцуулахгүй юу?
-Би ирээд эхний хэдэн сард нь International House Brisbane Коллежид англи хэлний бэлтгэлд суралцсан. Дараа нь TAFE Queensland буюу Австралийн засгийн газраас хөтөлбөр хэрэгжүүлдэг институтэд Бизнесийн удирдлага болон манлайллын удирдлага гэсэн хос дипломын хөтөлбөрт элсэн суралцаж байгаа. Сургууль маань Австрали даяар олон салбартай, салбар болгон нь суралцах орчин нөхцөлийг бүх талаас бүрдүүлсэн иж бүрэн тохижилт үйлчилгээ бүхий томоохон хотхонуудтай, мэргэжил дээшлүүлэх богино хугацааны сургалтаас эхлээд боловсролын зэрэг олгох коллеж, бакалавр, магистрын түвшний хөтөлбөрүүдээр мэргэжилтэн бэлтгэдэг. Энэ сургуулийг сонгосон шалтгаан бол улсын сургууль учраас сургуулийн орчин нөхцөл, сургалтын чанар маш сайн, төгсөгчид нь шууд ажлын байранд гарах боломж өндөрт тооцогддог юм. Ихэвчлэн дотоодын оюутнууд нь суралцдаг. Манай ангид гэхэд би ганцаараа гадаад оюутан бусад нь бүгд эндэхийн иргэд байгаа. Гэхдээ сургалт сайн байхын хэрээр ачаалал илүү их, 7 хоногт 3-5 өдөр хичээлтэй, мэргэжлээсээ шалтгаалаад нэлээд хатуу чанга үнэлгээтэй, төлбөрийн хувьд хувийн коллежуудаас 2 дахин өндөр боловч нэр хүндтэй томоохон их сургуулиудаас хамаагүй хямд байсан. Бидэн шиг үндсэн мэргэжлээ эзэмших гэж биш гэр бүлээрээ ирсэн, сурангаа ажиллаж төлбөрөө олох хүмүүст шууд өндөр төлбөртэй сургууль сонгох нь нэгдүгээрт санхүүгийн хувьд дарамт үүснэ. Хүүхдийн сургалтын төлбөр ч өндөр байдаг. Хоёрдугаарт, хугацааны хувьд эхлээд хэлний бэлтгэл болон коллежид сурангаа ажиллаж төлбөрөө цуглуулаад дараа нь магистрын хөтөлбөртөө суралцах нь илүү тохиромжтой байгаа. Бас Австралид магистр төгссөний дараа 3-5 жилийн ажиллах эрхтэй виз олгодог байсан журам нь өөрчлөгдөж, төгсөх үед 35-аас дээш настай бол ажиллах эрхийн виз өгөхөө больсон. Тиймээс хэлний бэлтгэл коллежоос магистр хүртэлх хугацаа бол санхүүгийн болон визний хувьд илүү таатай нөхцөл гэж хэлж болно.
Австралид оюутнууд сурахын хажуугаар ажиллах боломж нэлээд өндөр байдаг байх?
-Оюутнууд хичээлээс гадна 7 хоногт 24 цаг, магистрын оюутны гэр бүлийн гишүүн буюу эхнэр нөхөр нь 40 цаг ажиллах албан ёсны эрхтэй. Харин төлбөрөө өөрөө бүрэн төлөөд сурах оюутнуудын хувьд эхэндээ аль болох хичээл багатай, ажил хийх боломжтой хувилбарыг сонгодог. Хичээл ихтэй байсан ч зохицуулаад ажил хийхээс аргагүй тохиолдол ч цөөнгүй. Австралид ирж суралцаж байгаа ихэнх оюутны хувьд чанартай сайн боловсрол эзэмших гэж л ирж байгаа. Тиймээс англи хэлний хангалттай өндөр оноотой, аав ээж, гэр бүл нь төлбөрийг нь төлөх, санхүүг нь батлан даах боломжтой оюутнуудын хувьд шууд их сургуульдаа орох нь чухал. Энэ нь хугацаа алдахгүй, хичээлдээ бүрэн анхаарлаа хандуулж чанартай суралцахад давуу тал болно. Энд цөөхөн ч гэсэн 100 хувийн тэтгэлгээр сурч байгаа мундаг оюутнууд байгаа. Тэтгэлэгт орохын тулд багагүй хугацааг зарцуулж, тууштай байж шалгуурыг нь бүрэн хангаж тэнцэнэ гэдэг маш их хөдөлмөр хичээл зүтгэл шүү дээ. Манай гэр бүлийн хувьд эхнээсээ зорилго, төлөвлөгөө арай өөр байсан. Нөхөр бид хоёр Австралид ирэхээсээ өмнө сурч боловсроход багагүй хугацаа зарцуулсан, ажил мэргэжлийн туршлага хуримтлуулах, өсөж хөгжих замын хувьд ч боломжийн ахицтай байсан. Тиймээс юун түрүүнд хүүгийнхээ боловсролд илүү анхаарах, хүүгээ сургахын хажуугаар өөрсдийгөө хөгжүүлж мэдлэг боловсролоо дээшлүүлье гэсэн дарааллаар энд байх хугацаагаа төлөвлөсөн. Австрали улс өртөг зардал өндөр тэр дундаа сургалтын төлбөр, байрны түрээс, эрүүл мэндийн даатгал зэрэг нь хамгийн өндөр дүнтэй зардал байдаг. Гэр бүлийн нэг нь сургалтын визээр суралцах бол нэг нь заавал ажил хийж л энэ бүх зардлуудыг төлөх боломжтой. Манайх энгийн нэг дундаж амьдралтай залуу гэр бүл учраас яг л энэ замаар явж байгаа.
Австралийн ерөнхий боловсролын сургуулиуд шинжлэх ухаан, технологийн хичээлүүдийг бага ангиас нь заадаг
Австрали сургалтын системийн хувьд Монголоос юугаараа өөр, онцлог байна вэ?
-Монголоос Австралид ирээд цэцэрлэг, бага дунд сургуулиас эхлээд коллеж их сургуулиудад суралцаж байгаа хүүхэд залуус олон байгаа. Эндэхийн сургалтын системд онцлог давуу талууд нэлээд байна. Гэхдээ энэ нь манай Монголынх чанаргүй муу гэж байгаа хэрэг биш, мэдээж өөр хэлбэр загвартай системүүд учраас аль алинд нь давуу болон сул талууд байна гэж анзаарсан. Мэдээж дэлхийд өрсөлддөг, өндөр хөгжилтэй улс орны хувьд техник технологийн хөгжлийг бүх шатанд маш сайн ашиглаж байна. Сургалтын орчин нөхцөл сайн, материал хэрэглэгдэхүүн нь чанар хүртээмжтэй, сурах нөхцөл боломжийг бүрэн хангаж өгдөг. Ерөнхий боловсролын сургуулийн хувьд шинжлэх ухаан, технологийн хичээлүүдийг бага ангиас нь эхлээд зааж байна. Цаг үеийнхээ онцлогт тохирсон компьютер программ хангамж, цахим орчны зохистой хэрэглээний талаар хүртэл суурь ойлголтыг нь өгч байна. Унших, бичих, сэтгэн бодох зэрэг үндсэн чадварыг маш төвөггүйгээр сургахдаа цээжлүүлэх, олон дахин давтуулж бичүүлэх уламжлалт аргаар биш сонирхолтой, хөгжилтэй тоглоомын болон оролцооны аргаар, бүтээлч дасгал ажлуудаар дамжуулан хүүхдийн анхаарал сонирхлыг татсан агуулга бүхий сургалтын контентуудыг маш их ашиглаж байна. Ингэснээр хүүхэд аяндаа сурдаг, өөрөө сонирхож, илүү мэдэж ойлгох хүсэлтэй болох зэрэг олон давуу талууд байна. Мөн багш нарын арга барилын хувьд нэлээд ялгаатай санагдсан. Багш хүн академик боловсролын хөтөлбөрийн хүрээнд зөвхөн номын агуулгыг зааж сургах биш амьдрах ухаан, ёс суртахуун, харилцаа хандлага, асуудлыг шийдэх арга, сэтгэл хөдлөлөө удирдах чадвар зэрэг олон талын хүмүүжлийг олгож, захирч зааварлах бус хөтөлж чиглүүлдэг, уриалж оролцуулдаг, хөнгөн боловч үр дүнтэй арга техникүүд өдөр тутамд ашигладаг нь анзаарагддаг. Их дээд сургуулийн боловсролын хувьд хөтөлбөр хичээл хоорондын уялдаа холбоог сайн хангаж системтэй цогц мэдлэг олгодог. Судалгаа шинжилгээний материалуудыг өргөн хүрээнд ашиглаж, онол практикийг тэнцвэртэй хослуулах, техник технологийн дэвшлийг үр дүнтэй ашиглах, хичээл сургалтыг сонирхолтой байлгах, оюутан сурагчдыг илүү оролцоотой байлгаж, чөлөөтэй харилцаж, бүтээлч байдлаар өргөн мэдлэг олгодог санагдсан.
Мөн багш нар нь маш өндөр түвшний ур чадвартай тэр дундаа тухайн салбартаа мэргэжлээрээ тодорхой амжилт үзүүлсэн бодит туршлагатай хүмүүсээр сургалт лекц түлхүү оруулдаг нь их таалагдсан. Тухайлбал, манай бизнесийн сургуулийн багш нар гэхэд бүгд томоохон төсөл хөтөлбөрүүд хэрэгжүүлж, гарааны бизнесээс эхлээд групп компанийн хэмжээнд хөгжүүлсэн, хувийн бизнестэй, алдаж онож үзсэн бизнес эрхлэгч, тодорхой амжилт гаргасан удирдагч багш нар онолын мэдлэгийг өөрийн хувийн туршлагатайгаа уялдуулан хичээл заадаг. Өөрөөр хэлбэл, салбар бүрд амжилттай яваа хүмүүс, хангалттай туршлага хуримтлуулсан эрдэмтэн судлаачид ахмад хүмүүсээ ч боловсролын салбарт бодлогоор урьж ажиллуулдаг сайхан жишиг ч байна. Тэдгээр хүмүүс нь их дээд сургууль коллежуудад цалингийн төлөө ажиллах бус өөрийн мэдлэг туршлагаа залуу хойч үедээ зааж сургахад оролцон, эргэх холбоотой ажиллаж салбарынхаа болон улс орныхоо хөгжилд хувь нэмрээ оруулдаг байдал нь үнэхээр авууштай, суралцууштай санагдсан.
Сургалтын төлбөр болоод амьжиргааны зардлын тухайд мэдээлэл өгөхгүй юу?
-Энд бага сургуулийн хүүхдийн төлбөр жилийн 13 мянга орчим австрали доллар болж байгаа. Дунд ахлах ангиудад төлбөр нэмэгддэг. Хувийн коллежууд 6-12 мянган доллар, улсын коллеж жилийн 18 мянган доллар орчим. Харин бакалавр магистрын хөтөлбөрүүд ямар сургууль сонгохоос шалтгаалаад харилцан адилгүй ч дунджаар 30-40 мянган долларын төлбөртэй. Энэ дунджаас илүү хямд эсвэл бүр өндөр ч байдаг юм билээ. Гэхдээ хямд сургуулиуд нь зэрэглэлийн хувьд доогуур байдаг учраас гадаадаас виз мэдүүлэхэд татгалзах магадлал, эрсдэл өндөр. Харин нэр хүндтэй сургуулиудын хувьд зэрэглэл ч өндөр, төлбөр ч өндөр тул виз гарах магадлал нь илүү байдаг. Сургалтын төлбөр, сургуулиудын мэдээллийг мэргэжлийн туршлагатай агентлагуудаас авах нь зөв. Энэ нь хамгийн сүүлийн үеийн баталгаатай мэдээллийг авахаас гадна хувь хүн өөрийн нөхцөл байдал суралцах зорилгодоо тохируулан зөвлөгөө авах боломжтой байдаг.
Сургуулиа төгссөний дараах ажлын байртай болох боломж хэр байдаг вэ?
-Энд ажлын байрны олдоц нь төгссөн сургууль гэхээсээ илүү мэргэжлээсээ их шалтгаалдаг санагдсан. Эрэлттэй мэргэжлээр төгссөн бол илүү их ажлын байртай. Мэдээж хувь хүний мэдлэг, туршлага, ур чадвар бас англи хэлний мэдлэг ч нөлөөлнө. Харин нэр хүндтэй сайн сургууль төгссөн бол мэдээж том давуу тал болдог. Мөн энд хөдөлмөрийн зах зээлийн судалгаа нь маш нарийн хийгддэг. Ямар мэргэжил илүү эрэлттэй, ажиллах хүч хомсдолтой байгаа жагсаалтыг байнга шинэчилж, судалгаанд суурилсан зохицуулалт, бодлого шийдвэрүүд гаргадаг бөгөөд гадаад оюутнуудад сургалтын болон бусад виз олгохдоо ч өөрийн улсын ажил мэргэжлийн эрэлт хэрэгцээндээ суурилсан тодорхой шалгууруудыг тавьдаг. Ингэж гадаад оюутнуудад олгосон визээ өөрийн улс орондоо өндөр үр дүнтэйгээр ашиглаж чаддаг юм байна гэж харсан.
Тэтгэлэг хэр их зарлагддаг вэ?
-Хамгийн том тэтгэлэг бол Австралиан Aвардс буюу жил бүр зарлагддаг 100 хувийн тэтгэлэг байдаг. Шалгуур өндөр, цөөн хүн авдаг. Харин бусад тэтгэлгүүдийн хувьд мужийн, хотын, сургуулийн зэрэг тодорхой хөнгөлөлтүүд байдаг юм билээ. Зарим сургуулиуд 20-30 хувь, цөөн хэдэн сургууль 50 хүртэлх хувийн сургалтын төлбөрийн хөнгөлөлт санал болгодог.
Энд хүмүүс бусдад төвөг болохгүй, өөртөө баяр хөөртэй, аз жаргалтай амьдрахыг урьтал болгодог
Таны бодлоор Австралид суралцахын давуу гэвэл?
-Австралид суралцахын хамгийн том давуу тал гэвэл англи хэл дээр чанартай боловсрол эзэмших, мөн өндөр хөгжилтэй орны соёлоос суралцаж, харах өнцөг, хандлагаа өөрчлөх, өөрийгөө хөгжүүлж өрсөлдөх чадвараа нэмэгдүүлэх гээд олон боломж давуу талтай. Үүний зэрэгцээ гэр бүлээрээ амьдрахад таатай эрүүл орчин, хоол хүнс, ундны ус, эмийн чанар, нийгмийн стресс бухимдалгүй тайван байдал, хүмүүсийн амьдралын хэв маяг зэрэг хүний амьдралын суурь нөхцөлүүд бол маш сайн гэж хэлнэ. Ялгаварлан гадуурхалт, аюул эрсдэлийн хувьд ч харьцангуй тайван газар. Ялангуяа, бидний амьдардаг Брисбэн хот тайван цэвэрхэн, амар амгалан байдаг. Ер нь дэлхийн хаана ч амьдарч байсан эрүүл аюулгүй орчин нөхцөлд байна гэдэг хамгийн үнэ цэнтэй зүйл гэж боддог. Тиймээс Австралид сурах, ажиллаж амьдрахын давуу талууд их байна. Гэхдээ энэ бол зөвхөн миний болон надтай ижил зорилго төлөвлөгөөтэй, ойролцоо замаар явж байгаа хүмүүсийн хувьд байх. Харин өөр зорилготой, өөр нөхцөл байдалд байгаа хүмүүсийн тухайд бас арай өөрөөр үнэлж дүгнэх болов уу.
Тэгвэл сул талын тухайд?
-Монгол руугаа санаан зоргоор байнга явж чаддаггүй. Хичээл сургуулийн чөлөө зохицуулахад амаргүй учраас гэр бүл, хайртай хүмүүс, найз нөхдөөсөө хол, удаан хугацаанд уулзахгүй байх л хамгийн хэцүү. Мөн хүүхдүүд удах тусам эх хэлээ мартах, хэрэглэх нь багасах, Монголдоо буцаж очиход монгол хэл бичгээр үеийнхнээсээ хоцрогдолтой байх нь хүндрэл үүсэх байх. Сул тал гэхээсээ илүү бэрхшээлүүд бол харин нэлээд тулгардаг...
Дөнгөж ирсний дараа хүн бүрд тулгардаг бэрхшээлүүдийг хэрхэн даван туулж, хэр их хугацаа энерги зарцуулахаас шалтгаалж амьдралын чанар, нөхцөл харилцан адилгүй байдаг санагдсан.
Жишээ нь, өртөг өндөр. Эхлээд багагүй хугацаанд санхүүгийн бэрхшээлийг даван туулсан. Энд цалин хөлс маш сайн гэж хэлж болно. Гэвч нөгөө талаар өртөг зардал нь өндөр учраас хэчнээн өндөр дүнтэй орлого олсон ч тэр хэмжээгээр зардлууд гардаг. Гэхдээ сурахын зэрэгцээ ажил хийгээд үндсэн зардлаа нөхөж чадаж байгаа нь бас бусад улс орнуудтай харьцуулбал давуу тал ч юм шиг. Зарим улс орнуудад ажиллах эрхгүй эсвэл бага цагаар бага цалинтай ажиллах боломжтой байдаг. Харин Австралид хүн өөрөө хичээгээд, ажил амьдрал, сурах аялахаа бүгдийг нарийн сайн төлөвлөж чадвал аль алийг нь зэрэг аваад явах боломжтой. Мөн нөгөө талаар өөрийгөө сорих, том сорилт шалгуур байх болно. Монголдоо ажил мэргэжлээрээ амжилттай сайн явж байгаад гэнэт гадаадад оюутны амьдрал руу шилжиж, тухтай бүсээсээ гарч төлбөрөө олохын тулд хичээлийнхээ хажуугаар олон янзын ажил хийж, огцом ачаалалтай болж ядрах, шантарч буцмаар бүр уйлмаар үе ч олон байсан. Гэхдээ энэ бүхэн хэсэг хугацааных буюу энд ирсэн ихэнх хүмүүсийн туулж, даваад гардаг зам учраас үүнийг бэрхшээл биш өөрийгөө сорих шалгуур гэж хүлээж авч даваад гарсан. Гэр бүлээрээ хамтдаа байсны давуу тал нөмөр түшиг хамгийн их байсан.
Та Австралид гэр бүлээрээ амьдарч, сурч байна. Ер нь энэ улсад гэр бүлээрээ амьдрах орчин болон хүмүүсийн зан араншин, амьдралын хэв маягийн хувьд юу гэж тодорхойлох бол?
-Австралийн том хотууд бол олон улсын хот буюу дан ганц англи, австраличууд биш дэлхийн олон орны хүмүүс амьдардаг. Хүн амаараа дэлхийд тэргүүлдэг Хятад, Энэтхэгүүд гэхэд энд бас л хамгийн олон. Тиймээс энд олон орны, янз бүрийн хүмүүстэй харилцаж, олон орны соёлын ялгаа онцлогуудыг нэг дороос харж болно. Хүмүүсийн амьдралын хэв маяг харилцан адилгүй эрээнтэй бараантай боловч нийтлэг байдал нь эрүүл хэв маягтай, өвдсөнийхөө дараа биш урьдчилан сэргийлдэг, дасгал хөдөлгөөн сайн хийдэг, бүхий л спортын төрлүүд хөгжсөн, залуучууд бие бялдартаа анхаардаг нь их таалагддаг. Хууль дүрмээ сайн мөрдүүүлдэг, хоол хүнс, эмийн чанар сайн, нийтийн тээврээс эхлээд үйлчилгээ, дэд бүтэц бүх талаар хүртээмжтэй, чөлөөт цагаа зөв боловсон өнгөрүүлэх, ая тухтай ажиллаж амьдрах нөхцөл боломжийг нь ч улсаас нь хангалттай хэмжээнд бүрдүүлж өгсөн учраас амьдрахад таатай байхаас ч аргагүй. Эндэхийн хүмүүсийн нийтлэг хандлага бол бусдад төвөг болохгүй, өөртөө баяр хөөртэй, аз жаргалтай амьдрахыг урьтал болгодог санагддаг. Энэ нь манай Ази соёл тэр дундаа найрсаг зочломтгой, сэтгэлээрээ байдаг монгол хүмүүсийн амьдралын хэв маягаас ялгаатай. Зарим хүмүүс австраличуудыг хөндий хүйтэн, худлаа инээсэн, хувиа хичээсэн гэдэг ч үнэн хэрэгтээ бусдад төвөг удахгүй, бусдын хувийн асуудалд хэт оролцохгүй, өөрийнхөө амьдралд анхаарах, асуудлаа өөрөө шийдэж сурах хариуцлага ухамсартай болгодог нийгмийн хөгжлийнх нь явцад тогтсон соёл юм байна гэдгийг улам бүр харж ойлгож байгаа. Гэхдээ энэ соёлд бүрэн уусаад, мөн чанар төрөлх зангаа гээлгүй монгол хүний онцлог нь тусч, сайхан сэтгэлтэй, хөдөлмөрч, хариуцлагатай, итгэл даах чадвартай үнэнч шударга, оюунлаг хүмүүс байдаг шүү гэдгийг аль болох харуулахыг хичээдэг. Энд би хэн гэдэг нь бус би ямар байхаас шалтгаалж монголчууд ийм л байдаг гэж харах учраас хүний нутагт аль болох зөв байж, боломж гарвал эх орныхоо нэрийг сайн сайхнаар дуудуулах хүсэл байнга л байдаг.
Эцэст нь Австралид гэр бүлээрээ ажиллаж, амьдарч, сурахаар зорьж байгаа залуус хандаж юу хэлэх вэ?
-Австралид өөрсдөө эсвэл хүүхдүүдээ, дүү нараа сургах гэсэн хүмүүс цөөнгүй холбогдож туршлага судалдаг. Би ч цаг завтай үедээ төвөгшөөлгүй мэддэг зүйлсээ хуваалцаж, цахим орчинд Bolor Nairamdal гэсэн өөрийн хуудсаараа дамжуулан мэдээ мэдээлэл хүргэж, чадах зүйлээрээ монголчууддаа тус дэм болохыг хичээдэг. Гадаад оронд сурч хөгжье, англи хэлээ сайжруулъя эсвэл амьдралаа дээшлүүлье гэсэн янз бүрийн зорилготой хүмүүс байгаа. Гадаадад сурах ялангуяа гэр бүлээрээ ирнэ гэдэг амьдралд дурсамж нэмэх томоохон аялал хэдий ч нөгөө талаар багагүй эрсдэл, олон янзын бэрхшээлийг дагуулдаг. Тэр бэрхшээлүүдийг даван туулж амжилттай суралцана гэдэг бол ачаалал даах, тэсвэр тэвчээр, авхаалж самбаа, харилцаа хандлага, хариуцлага, бусадтай нийцэж шинэ орчинд дасан зохицох зэрэг хувь хүнээс өөрөөс нь шалтгаалах амьдрах чадварын л асуудал. Харин би дараах хоёр зүйлийг чин сэтгэлээсээ зөвлөмөөр байна.
Нэгдүгээрт, нарийн судалж төлөвлөх, сайн агентлагаар зуучлуулах маш чухал. Австралийн сургуулиудад зуучилдаг олон байгууллага, хувь хүн бий. Тэдгээрээс нэр хүндтэй, туршлагатай хэд хэдэн агентлагтай уулзаж харьцуулж байж шийдвэрээ гаргах хэрэгтэй. Учир нь хүн болгоны сурах зорилго, төлөвлөгөө, ажил амьдралын туршлага нөхцөл байдал өөр. Зарим агентлагийн санал болгож буй хөтөлбөрийн нөхцөл нь зарим хүнд тохирохгүй байх ч боломжтой. Сайн агентлагт хандсанаар маш олон зүйлийг таны өмнөөс судалж төлөвлөөд, визээ авах хүртэл бүхий л шат дараалал, алхам бүрийг нь зөвлөөд өгдөг учраас цаг хугацаа, зардал мөнгө хэмнэх боломжтой байдаг.
Хоёрдугаарт, нэгэнт гадаадад сурахаар шийдсэн бол виз гарахыг хүлээлгүй хамгийн түрүүнд англи хэлээ сайжруулаарай гэж зөвлөмөөр байна. Учир нь гадаадад очсон хойноо орчинд нь англи хэлээ сурчихна гэдэгт найдаад Монголдоо төдийлөн сайн сурах гэж хичээхгүй бол ирснийхээ дараа туулах бэрхшээл улам нэмэгддэг. Хүн танихгүй, газар мэдэхгүй нэмээд хэл сайн биш бол төдий чинээ асуудлууд их гарна. Хэлээ боломжийн хэрээр сайн сураад ирвэл шинэ орчинд хурдан хугацаанд дасан зохицох, ажил, байр гээд анх ирсэн хүмүүст тулгардаг асуудлуудыг хурдан шийдэх, хичээлээ сайн ойлгож, сурахдаа түүртэхгүй хажуугаар нь тайван ажиллах, ядаж л хэлний бэлтгэлд анхан дунд шатнаас биш илүү дээд түвшнээс эхлэх олон давуу тал бий болдог. Миний хувьд өмнө нь дунд сургуульд орос хэл, их сургуульд хятад хэл сурч байсан хэр нь англи хэл сурахад цаг зав анхаарлаа сайн хандуулж амжаагүй нь ирээд хэлээ сурах бас нэг ачаалал нэмэгдсэн. Харин Хятад хэл маань их хэрэг болсон. Энд бүх л салбарт хятад хүмүүс ажиллаж, бизнес эрхэлж байгаа учраас ажил хайхаас эхлээд амар байсан. Австралид зөвхөн хэлний бэлтгэлийн төлбөр 7 хоногт дунджаар 250-300AUD байдаг. Тиймээс хямд зардлаар хамгийн тухтай нөхцөлд гэр бүл, найз нөхөд, хайртай хүмүүсийнхээ хажууд англи хэл сурах боломж манай Монголд байгаа шүү. Гадаадад очсон хойноо сурна гэж бүү хойш тавиарай л гэж аминчлан захьмаар байна.