Орон сууцны үнийн индекс өмнөх оны мөн үеэс 14.6 хувиар өсжээ

Үндэсний статистикийн хорооноос орон сууцны үнийн индексийн мэдээллийг 2025 оны 4 дүгээр сарын байдлаар гаргасан байна. Орон сууцны үнийн индекс (2023.I=1.0) 2025 оны 4 дүгээр сард 1.28 болж, өмнөх оны мөн үеэс 14.6 хувиар , өмнөх сараас 0.9 хувиар тус тус өссөн байна.
Орон сууцны насжилтаар авч үзвэл, шинэ орон сууцны үнэ өмнөх оны мөн үеэс 11.5 хувиар, өмнөх сараас 1.4 хувиар өссөн бол хуучин орон сууцны үнэ өмнөх оны мөн үеэс 16.0 хувиар, өмнөх сараас 0.3 хувиар тус тус өссөн дүн гарчээ.
2025 оны 4 дүгээр сард шинэ орон сууцны 1 метр квадрат талбайн дундаж үнэ 4.52 сая төгрөг болж, Сүхбаатар дүүрэгт хамгийн өндөр буюу 5.20 сая төгрөгийн үнэтэй байна.
Шинэ орон сууцны дундаж үнэ өмнөх оны мөн үетэй харьцуулахад Чингэлтэй дүүрэгт 38.0 хувь (1301.6 мянган төгрөг)-аар өссөн нь хамгийн өндөр, Хан-Уул дүүрэгт 5.8 хувь (248.2 мянган төгрөг)-аар өссөн нь хамгийн бага байна.
Тэгвэл хуучин орон сууцны үнэ 2025 оны 4 дүгээр сарын байдлаар 1 метр квадрат талбайн дундаж үнэ 4.52 сая төгрөг болж, Сүхбаатар дүүрэгт хамгийн өндөр буюу 5.52 сая төгрөгийн үнэтэй байна. Хуучин орон сууцны дундаж үнэ өмнөх оны мөн үетэй харьцуулахад Чингэлтэй дүүрэгт 26.1хувь (1127.6 мянган төгрөг)-аар өссөн нь хамгийн өндөр, Хан-Уул дүүрэгт 13.2 хувь (569.2 мянган төгрөг)-аар өссөн нь хамгийн бага байна.
Эх сурвалж: Үндэсний статистикийн хороо