Ялалтын парад Улаанбаатарын цагаар 15:00 цагт эхэлнэ

Өнөөдөр Аугаа их Эх орны дайны ялалтын 80 жилийн ойн цэргийн ёслолын жагсаал ОХУ-ын Москва хотын Улаанталбайд Улаанбаатар хотын цагаар 15.00 цагаас эхэлнэ.
Цэргийн ёслолын жагсаалд ОХУ-ын 11 мянган цэргийн алба хаагч, Монгол Улс, БНХАУ, Азербайжан, Беларусь, Тажикистан, Казахстан, Туркменистан, Киргиз, Египет, Узбекистан, Вьетнам, Лаос, Мьянмар зэрэг 13 орны 1500 гаруй цэргийн алба хаагч оролцоно.
Монгол Улсын Зэвсэгт хүчний цэргийн алба хаагчдын хувьд 2025 оны 04 дүгээр сарын 25-ны өдөр ОХУ-д хүрэлцэн очиж, Батлан хамгаалах яамны харьяа “Звенигородский” цэргийн амралт, сувиллын газар Казахстан, Тажикистан, Туркменистан улсуудын цэргийн багуудтай байрлан, бэлтгэлээ чамбайруулаад байна.
Монгол Улсын Зэвсэгт хүчний салбарыг Зэвсэгт хүчний 032 дугаар ангийн захирагч дэд хурандаа Э.Билэгсайхан командлах бөгөөд монгол цэргийн цог жавхаа, сүр хүчийг харуулах дайчдаас офицер 28, ахлагч 50, цэргийн гэрээт алба хаагч 2, нийт 80 цэргийн алба хаагч багтжээ. Үүнээс ёслолын жагсаалд 75, бэлтгэн оролцуулах удирдлагын бүлэг 5 хүнтэй байна.