Марио Варгас Жоса: Амьдралд төгсгөл гэж байдаг болохоор л үнэхээр гайхамшигтай

Нобелийн уран зохиолын шагналт, “Хот ба ноход” (1963), “Цогчин дугана дахь яриа” (1969), “Дэлхийн төгсгөлийн дайн” (1981), “Авга Хулиа болон кино зохиолч” (1977) зэрэг сод бүтээл туурвисан перу зохиолч Марио Варгас Жоса 89 насандаа Перугийн Лима дахь гэртээ таалал төгслөө. Тэрээр 2010 онд Нобелийн уран зохиолын шагнал хүртжээ. Түүний зохиол бүтээлд тоталитар дэглэм, эрх мэдлийн шударга бус хуваарилалт, хувь хүний тэмцэл, зөрчил давамгайлдаг байсан бөгөөд тэрээр Перугийн Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшиж байв.
Суут зохиолч Габриел Гарсия Маркес, Хулио Кортасар, Карлос Фуэнтес зэрэг сод зохиолчидтой эн зэрэгцэн Латин Америкийн уран зохиолыг дэлхий нийтэд алдаршуулж явсан Марио Варгас Жоса 83 насандаа ВВС-д ярилцлага өгөхдөө ийнхүү онцолж байв.
- Одоо хүмүүс илүү урт насалж, илүү сайн амьдрах талаар ярьдаг болж. Цахиурын хөндийд асар их хөрөнгө оруулалт хийж хөгшрөлттэй, бүр үхлийн эсрэг тэмцэнэ гэж байна. Та энэ талаар юу боддог вэ?
- Үхэл намайг зовоодоггүй, тэрнийг бодож тарчилдаггүй. Залуу минь, амьдрал ийм болохоороо л гайхамшигтай. Юу гээч, хэрвээ бид үүрд амьдардаг байсан бол маш уйтгартай. Бид мөнх бол ямар нэг аймшигтай зүйл болно. Амьдралд төгсгөл гэж байдаг болохоор л үнэхээр гайхамшигтай гэж боддог. Хамгийн чухал нь энэ амьдралаа ашиглах гэж оролдох, боломжоо хийсгэхгүй байх нь чухал санагддаг. Зорилго, чиглэлтэй байж, түүндээ хүрэх нь их чухал. Даанч олон хүн үүнийг гүйцэлдүүлж чаддаггүй.
- Та 80 гарсан хойноос ч бичиж туурвисаар, ухаан санаа саруул сайхан байна. Нууц нь юу вэ?
- Сахилга баттай байсан юм болов уу. Би ер нь их цэгцтэй ажилладаг хүн. Долоо хоногт долоон өдөр, жилд 12 сар ажилладаг. Гэхдээ надад ажил хийж байгаа гэж санагддаггүй. Бичих гэдэг бол миний хамгийн таашаалтай зүйл. Заримдаа их хэцүү санагддаг, амаргүй цаг үе ч байсан. Бичих, унших гэдэг бол миний жаргал, миний ажил. Магадгүй ийм болохоор өөр янз бүрийн ажил хийдэг хүн шиг элэгдэж хорогдоогүй байх. Олон жилийн өмнө тамхийг хаясан. Архи огт уудаггүй, хааяа хоолон дээр дарс л ууна. Унтах, идэх тал дээр ч нэг их өөрийгөө арчлаад байдаг хүн биш. Ажлаа эхлэхээсээ өмнө өдөр бүр нэг цаг дасгал хийчихдэг. Энэ сахилга бат, энэ зохион байгуулалтын ачаар л өдий болтол амьдарч, ажиллаж явж байгаа байх. Үзсэн, харсан, туулсан зүйлээ, ой санамжаа тойруулж, баяжуулж, зохиож бичдэг. Оргүй хоосноос хэзээ ч зохиож бичиж байсангүй.
- Дахиад нэг даацтай зохиод биччих хүч чадал танд амтагдаж байна уу?
- Хүн ер нь амьд, бүтээлч байх хэрэгтэй. Тэгж байтал үхэл гэнэт ирдэг ч юм уу. Амьдрал нь ид буцалж, бужигнаж амьд байх үед амьдралыг гэнэт, санамсаргүй зогсоодог зүйл нь үхэл байх ёстой гэж л боддог. Би одоо ч гараараа, бэхээр дэвтэр дээр бичдэг. Анх тэгж бичдэг байсан, тэр л хэвээрээ. Ингээд бичиж байхад л үхэл санамсаргүй хүрээд ирээсэй. Амьдрах амьдралаараа амьдраад үхэх хэрэгтэй. Амьдарч байхдаа үхсэн юм шиг байвал тэр хүнд хамгийн харамсалтай.
- Та тэгвэл “Ухны баяр”, “Дэлхийн төгсгөлийн дайн” шиг даацтай зохиол биччих юм биш биз?
- Магадгүй (инээв). Саяхан нэг роман дуусгалаа, бараг дууссан, жаахан засах л ажил байна. Энэ нь миний сүүлчийн роман биш гэж найдаж байна (инээв). Латин Америкт хөгшрөлтийн тухай нэг их бичээгүй санагдаж байна. Хамгийн гайхалтай бүтээл нь магадгүй “Тахлын үеийн дурлал” байх шүү. Тэр бол Габриел Гарсия Маркесийн хамгийн гайхалтай бүтээл, “Зуун жилийн ганцаардал”-аас нь ч дээр залрах бүтээл гэж боддог.
Б.Нямдорж