Австралийн тэтгэлэгт хөтөлбөр зарлагдлаа
Австралийн тэтгэлэг нь хөгжиж буй орнуудад дэлхийн хөгжлийн ирээдүйг тодорхойлох манлайлагчдыг бэлтгэхэд чиглэсэн Австралийн Засгийн газраас санхүүжүүлдэг тэтгэлэг юм. Тэтгэлэгт шалгарагсад Австралид суралцан мэдлэг, мэргэжлээ дээшлүүлснээр нийгэмд эерэг өөрчлөлтийг бий болгох төдийгүй Монгол – Австралийн харилцаа, хамтын ажиллагааг тогтвортой бэхжүүлэхэд хувь нэмэр оруулна.
Өргөдөл гаргагчдыг мэргэжлийн болон хувь хүний чадамж, академик ур чадвар, нэн ялангуяа Монгол Улсад тулгамдаж буй хөгжлийн сорилтуудыг шийдвэрлэхэд оруулах хувь нэмрийг харгалзан үнэлж, сонгодог.
Эмэгтэйчүүд, хөгжлийн бэрхшээлтэй, болон бусад нийгмийн хязгаарлагдмал боломж бүхий бүлгийн иргэдээс тэтгэлэгт өргөдөл гаргахыг дэмжинэ.
Суралцах тэргүүлэх салбарууд:
- Монгол дахь Австралийн тэтгэлэгт хөтөлбөр нь олон салбараас өргөдөл хүлээн авдаг хэдий ч дараах чиглэлүүдийг тэргүүлэх салбарууд гэж үзнэ:
- Хөдөө аж ахуй, байгаль орчин, холбогдох чиглэлүүд
- Архитектур ба барилга, хот байгуулалт
- Бүтээлч үйлдвэрлэл
- Боловсрол
- Инженерчлэл болон технологи судлал
- Хоол үйлдвэрлэл, зочлох үйлчилгээ, хувийн үйлчилгээ
- Эрүүл мэнд
- Мэдээллийн технологи
- Менежмент ба худалдаа
- Салбар дундын хосолмол хөтөлбөрүүд
- Байгалийн болон физикийн шинжлэх ухаан
- Нийгэм ба соёл
Австралийн Засгийн газар, Монгол Улсын Засгийн газар суралцах тэргүүлэх салбар, чиглэлийг хамтран нягталж, хэрэгцээ шаардлагад нийцүүлэн өөрчилдөг. Үүнтэй холбоотой дэлгэрэнгүй мэдээллийг https://www.australiaawardsmongolia.org/ -ээс авах боломжтой.