УИХ-ын дарга Н.Учрал, ОХУ-ын Холбооны Хурлын Төрийн Думын дарга В.В.Володин нар албан ёсны хэлэлцээ хийв
Монгол Улсын Их Хурлын дарга Н.Учралын ОХУ-д хийж буй албан ёсны айлчлал хоёр дахь өдрөө үргэлжилж байна. Айлчлалын эхний өдөр (2026.02.09) Евразийн эдийн засгийн комиссын Сайд нарын зөвлөлийн дарга Б.А.Сагинтаевтай уулзсан. Уулзалтын үеэр, манай улс, ЕАЭЗХ хоорондын Худалдааны түр хэлэлцээрийг УИХ соёрхон баталсныг онцлон тэмдэглээд төлөөний ноотыг Сайд нарын зөвлөлийн даргад гардууллаа.

Худалдааны түр хэлэлцээрийг байгуулснаар бүс нутгийн эдийн засгийн хамтын ажиллагааг эрчимжүүлэх, тогтвортой нийлүүлэлтийн сүлжээг бэхжүүлэх чухал суурь болох учиртай. Хэлэлцээрийн үйлчлэх гурван жилийн хугацаанд хэрэгжилт үр дүнд хүрч, үр өгөөжийг аж ахуйн нэгж, ард иргэд бодитоор хүртэх боломж нөхцөл бүрдүүлэх шаардлагатай. Цаашид гаалийн болон бусад стандартын зөрүүг арилгах, тарифын болон тарифын бус саад бэрхшээлийг үе шаттайгаар бууруулах, харилцан ашигтай байх нөхцөл бүрдүүлэх талаар санал солилцов.
Мөн Евразийн эдийн засгийн холбооноос Монголын аж ахуйн нэгжүүд, бизнес эрхлэгчдэд зориулан Худалдааны түр хэлэлцээрийн талаарх бизнес хэлэлцүүлэгт оролцсон байна. Худалдааны түр хэлэлцээрийг хэрэгжүүлснээр Монгол Улсаас Евразийн зах зээл рүү экспорт 24.2 хувиар нэмэгдэх юм.
2 дугаар сарын 10-ний өдөр УИХ-ын дарга Н.Учрал, ОХУ-ын Холбооны Хурлын Төрийн Думын дарга В.В.Володин нар албан ёсны хэлэлцээ хийлээ. Хэлэлцээний үеэр Улсын Их Хурлын дарга ОХУ-тай уламжлалт, сайн хөршийн найрсаг харилцаагаа улам бүр гүнзгийрүүлэн хөгжүүлэх нь Монгол Улсын гадаад бодлогын тэргүүлэх чиглэл ямагт байж ирснийг онцлоод, хоёр орны иж бүрэн стратегийн түншлэлийн харилцаа, бүх талын хамтын ажиллагааг өргөжүүлэн хөгжүүлэхийн төлөө байгаагаа илэрхийлэв.
Түүнчлэн худалдаа, эдийн засгийн хамтын ажиллагааг эрчимжүүлэхэд бизнес хоорондын хэлхээ холбоо чухал үүрэг гүйцэтгэж байгааг хэллээ.Улсын Их Хурлын дарга Н.Учрал, ОХУ-ын Холбооны Хурлын Төрийн Думын дарга В.В.Володин нар энэ онд тохиох Монгол Улс, ОХУ-ын хооронд дипломат харилцаа тогтоосны 105 жилийн ойг тэмдэглэн өнгөрүүлэх хүрээнд харилцан санал солилцов.