Холбоо барих

Б.Энхдаваа: Сурч, ажиллах явцдаа мэргэжлийн хүрээллээ тэлэх нь ирээдүйн шинэ боломжуудын үүдийг нээх түлхүүр болдог

Б.Энхдаваа: Сурч, ажиллах явцдаа мэргэжлийн хүрээллээ тэлэх нь ирээдүйн шинэ боломжуудын үүдийг нээх түлхүүр болдог

Нидерланд улсад хэрхэн мэргэжлээрээ ажиллах мөн тус улсад суралцах ямар боломжууд байдаг талаар Эйндховений Технологийн их сургуулийг төгссөн Б.Энхдаваатай ярилцлаа.

Урилга хүлээн авсанд баярлалаа. Та Нидерланд улсад одоо ямар ажил эрхэлж байна вэ. Ажиллаж байгаа байгууллагынхаа талаар товч сонирхуулахгүй юу?

-Би Нидерланд улсын ICT Group (ICT Netherlands) компанид ажилладаг. Манай компанийн бизнесийн нэг чиглэл нь өндөр түвшний мэргэжилтнүүдийг бусад байгууллагуудад гэрээгээр ажиллуулдаг. Миний хувьд одоогоор Thermo Fisher Scientific компанид программ хангамжийн инженерээр ажиллаж байна.
Thermo Fisher нь атомын түвшний нарийвчлалтай дүрслэл гаргадаг электрон микроскоп бүтээдэг бөгөөд энэ нь материал судлал, байгалийн шинжлэх ухаан болон хагас дамжуулагчийн үйлдвэрлэлд нэн чухал үүрэгтэй. Би одоо хагас дамжуулагчийн салбарт үйлдвэрлэлийн автоматжуулалтын чиглэлээр ажиллаж байгаа. Сонирхолтой жишээ дурдахад, орчин үеийн гар утас, компьютерын чип доторх транзисторууд 3 нанометр хүртэл жижиг хэмжээтэй болсон. Ийм хэт бичил бүтцийг энгийн нүдээр шалгах боломжгүй тул бидний хөгжүүлж буй электрон микроскопыг ашиглан үйлдвэрлэлийн явцад алдаа гарсан эсэхийг хянадаг юм.

Нидерландын ямар сургууль төгссөн бэ?

-Би 2020 онд Эйндховений Технологийн их сургуулийг (Eindhoven University of Technology) программ хангамжийн технологийн чиглэлээр инженерийн доктор (EngD) зэрэгтэй төгссөн. Энэхүү хөтөлбөр нь уламжлалт философийн доктор (PhD)-оос ялгаатай нь 2 жилийн хугацаатай бөгөөд онолын судалгаанаас илүү практик үйлдвэрлэл, технологийн салбарт өндөр түвшний мэргэжилтэн бэлтгэхэд чиглэдэг.
Нидерландын олон их сургуульд ийм төрлийн хөтөлбөрүүд байдаг бөгөөд программ хангамжаас гадна хиймэл оюун ухаан, машин ба автоматжуулалт зэрэг чиглэлээр суралцах боломжтой. Төгсөгчид нь ихэвчлэн өндөр технологийн (High-tech) болон мэдээллийн технологийн томоохон компаниудад ажилладаг. Миний хувьд энэхүү хөтөлбөрийн явцад олон төрлийн технологийн компаниудтай хамтран төслүүд дээр ажиллаж, энэ хугацаанд байгууллагын ажиллах соёл, мэргэжилтнүүдийн үүрэг, харилцааны чадвар зэрэг чухал зүйлсийг сурч авсан.

Суралцах хугацаандаа тэтгэлэгт хөтөлбөрт хамрагдаж байв уу. Гадаад оюутнуудад зориулсан ямар төрлийн тэтгэлгүүд байдаг вэ?

-Нидерландад докторын (PhD болон EngD) хөтөлбөрт суралцаж буй хүмүүс нь оюутан бус “ажилчин” статустай байдаг. Тиймээс сургалтын төлбөр төлөхгүйгээс гадна сар бүр цалин авдаг. Миний сурч төгссөн хөтөлбөр маань ч ийм системтэй байсан тул санхүүгийн асуудалд санаа зовохгүйгээр сурах боломж олгосон юм.
Харин бакалавр болон магистрын түвшинд суралцагчид оюутан статустай байдаг тул тэтгэлэг олох шаардлагатай болдог. Гадаад оюутнуудад зориулсан NL Scholarship зэрэг засгийн газрын тэтгэлгүүдээс гадна их сургууль тус бүрийн нэрэмжит тэтгэлгүүд байдаг. Хэрэв гадаадад сурахаар төлөвлөж байгаа бол өөрийн сонирхсон, өөрт тохирох чиглэлийг сонгон авч түүндээ эртнээс бэлтгэж чадвал тэтгэлэгт хамрагдах боломжтой.

Сургалтын төлбөр болоод амьжиргааны зардал хэр байдаг вэ?

-Нидерланд болон Европын холбооны иргэн биш бол бакалавр, магистрын сургалтын төлбөр харьцангуй өндөр байдаг. Харин өмнө дурдсанчлан докторын түвшинд сургалтын төлбөр төлөхгүйгээс гадна бүтэн цагаар судалгаа, төсөл дээр ажилладаг тул ажилчин гэж тооцогдож цалин авдаг. Энэхүү цалин нь хувь хүний өдөр тутмын хэрэглээний зардлаа хангахад хүрэлцэхүйц бөгөөд санхүүгийн дарамт багатай гэж болно. Харин амьжиргааны зардлын тухайд хамгийн том зардал нь орон сууц байдаг. Нидерландад сүүлийн жилүүдэд байрны олдоц бага, үнэ өндөр байгаа нь гадаад оюутнуудад тулгардаг гол бэрхшээл болоод байгаа.

Таны хувьд сургуулиа төгсөөд хэрхэн ажлын байртай болж байв?

-Нидерландад ажилтнууд өөрийн ажилладаг компанидаа тохирох мэргэжилтнийг санал болгох (Employee Referral) боломж нээлттэй байдаг. Хэрэв санал болгосон хүн нь шалгаруулалтад тэнцэж, ажилд орвол зуучилсан ажилтанд мөнгөн урамшуулал олгодог систем ч олон компанид бий. Миний хувьд төгсөлтийн дипломын ажлаа хийж байх явцад хамт ажиллаж байсан хүн маань намайг компанидаа санал болгосноор би материалуудаа илгээн, шалгаруулалтад орж тэнцсэн юм.
Үүнээс харахад зөвхөн өөрийн баг хамт олон төдийгүй, адил төстэй төсөл хөтөлбөр дээр ажиллаж буй хүмүүстэй мэргэжлийн түвшинд танилцаж, харилцаа тогтоох нь ирээдүйд шинэ боломжуудыг нээж өгөхөд маш том нөлөө үзүүлдэг гэж бодож байна.

Нидерланд боловсролын чанараараа дэлхийд тэргүүлэх орны тоонд ордог. Боловсролын системийнх нь онцлог болон энд суралцахын давуу тал юу вэ?

-Нидерландын дээд боловсролын систем нь судалгааны (Research Universities) болон хэрэглээний шинжлэх ухааны (Universities of Applied Sciences) гэж хоёр хуваагддаг. Судалгааны их сургуулиудын бакалавр нь ихэвчлэн 3 жил, магистр нь чиглэлээсээ хамаараад 1-2 жил байдаг. Инженерийн чиглэлээр бол бакалавр, магистр нийлээд 5 орчим жил болдог.
Сургалтын онцлог нь шүүмжлэл болон шаардлагыг чөлөөтэй өгөх, хүлээн авах соёлтой санагдсан. Багш болон оюутнуудын хоорондын харилцаа маш нээлттэй. Хэн ч өөрийн санал бодол, шүүмжлэлийг хэлэх боломж нь сургалтын чанарт эергээр нөлөөлдөг гэж бодож байна.

Хэлний хувьд эх хэл нь нидерланд хэл боловч хүн амын дийлэнх нь англи хэлийг хэрэглэдэг. 10 хүний 9 нь англиар маш чадварлаг ярьдаг гэсэн тоо ч байдаг. Хэлний хэрэглээний тухайд сонирхуулахгүй юу? 

-Ялангуяа Амстердам, Эйндховен зэрэг томоохон хотуудад олон үндэстний хүмүүс ажиллаж, амьдардаг учраас англи хэл өдөр тутмын харилцааны гол хэрэгсэл болдог. Бусад хотуудад ч бас англи хэлээр чөлөөтэй ойлголцоно гэдэгт итгэлтэй байна. Маш олон компанийн өдөр тутмын аман болон бичгийн харилцаа бүхэлдээ англи хэл дээр явагддаг. Миний ажиллаж байгаа салбарт ажилд орох ярилцлагууд ч ихэвчлэн англиар явагддаг бөгөөд хэрэв тухайн ажлын байранд нидерланд хэл шаардлагатай бол зар дээрээ маш тодорхой заасан байдаг.

Нидерланд эрүүл хооллолтоороо дэлхийн улсуудаас 1 дүгээрт, аз  жаргалын индексээрээ 6 дугаар байранд ордог гээд амьдрах орчин, амьдралын хэв маягийн хувьд давуу тал олон бий. Та энэ орны амьдралын хэв маягаас хэрхэн суралцаж байна? 

-Энэ улсын үндсэн тээврийн хэрэгсэл бол унадаг дугуй юм. Хэдийгээр автобус, машин олон байдаг ч хот дотроо хүссэн газартаа очиход зарцуулах цаг нь унадаг дугуйтай бараг ижил байдаг. Харин машин хэрэглэх нь эсрэгээрээ илүү зардалтай байх нь бий. Миний хувьд өдөр тутамдаа дугуйгаар явдаг бөгөөд нэг төрлийн дасгалыг орлодог. Дэд бүтэц нь маш сайн хөгжсөн тул дугуйн зам нь тухтай, ногоон байгууламжаар хүрээлэгдсэнээс гадна гэрлэн дохиогоор зөв зохицуулагддаг учир явахад маш аюулгүй байдаг.
Үүнээс гадна гүйлтийн, унадаг дугуйн гэх мэт үнэгүй спорт клубүүд үйл ажиллагаа явуулдаг. Хүссэн хүн болгон үйл ажиллагаанд нь чөлөөтэй оролцож тогтмол хуваарийн дагуу хамтдаа дасгал хөдөлгөөн хийх боломжтой.

Нидерланд улсад суралцахаар зорьж байгаа залуус хандаж ямар зөвлөгөө өгөх вэ?

-Өөрийн суралцахаар сонирхож буй чиглэлтэйгээ уялдаатай сайн дурын ажил хийх нь элсэлтийн шалгаруулалтад том давуу тал болдог. Хамгийн ойр сайн дурын ажил бол сургууль дахь мэргэжлийн клубийн үйл ажиллагаанд тогтмол оролцож, хариуцлагатай үүрэг гүйцэтгэх юм. Сурч байх хугацаандаа төрөл бүрийн уралдаан тэмцээнд оролцож үзээрэй. Эдгээр үйл ажиллагаанууд нь танд шинэ мэдлэг олгохоос гадна элсэлтийн захидлыг (Motivation Letter) тань илүү баялаг, сонирхолтой болгоно.
Түүнчлэн сурч байх явцдаа дадлага ажил (internship) хийх боломж олдвол энэ нь маш том давуу тал болно. Таны туршлага болон танилын хүрээг тэлж ирээдүйн боломжуудыг нээж өгнө гэдэгт итгэлтэй байна. Үүнээс гадна LinkedIn болон CV-г тань баяжуулна.
Мөн Монголоос Нидерландын компаниуд руу зайнаас (remote) болон очиж ажиллах боломжууд байдаг. Үүний тулд CV болон ажилд орохыг хүссэн захидлаа (Cover Letter) бэлдэх шаардлагатай. Мөн LinkedIn хуудсаа тогтмол шинэчилж, идэвхтэй байлгах нь чухал. Ажил олгогчид хүсэлт илгээсэн горилогчийн LinkedIn профайлыг заавал орж шалгадаг. Мэдээж эдгээр бүх үйл явц ярилцлагууд англи хэл дээр явагддаг тул англи хэлний чадваруудаа сайжруулаарай гэдгийг залууст хандан хэлье.

Ярилцсанд баярлалаа.