Д.Түмэндэмбэрэл: Stipendium Hungaricum тэтгэлэг нь Унгарт суралцахад санхүүгийн хамгийн том дэмжлэг болдог
Унгар улсад хэрхэн тэтгэлэгтэй суралцах, тэтгэлэгт хамрагдахын тулд юуг анхаарах, ямар боломжууд байдаг талаар тус улсад суралцаж байгаа Д.Түмэндэмбэрэлтэй ярилцлаа. Тэрээр 2022 онд Унгар улсын засгийн газрын тэтгэлэгт тэнцэн, түүнээс хойш дөрөв дэх жилдээ Унгар улсад суралцаж, амьдарч байгаа юм.
Урилга хүлээн авсанд баярлалаа. Та аль сургуульд, ямар мэргэжлээр суралцаж байна вэ?
-Би одоогоор Унгар улсын Будапешт хот дах Обуда их сургуульд Инженерийн менежмент чиглэлээр бакалаврын түвшинд суралцаж байна.
Унгар улсыг яагаад сонгон суралцах болов. Тэтгэлэгт хөтөлбөрт хэрхэн хамрагдсан бэ?
-Гадаадад суралцах улсаа сонгохдоо би боловсролын чанар, олон улсад хүлээн зөвшөөрөгдөх диплом, амьжиргааны зардал, аюулгүй орчин зэрэг олон хүчин зүйлийг харгалзан үзсэн. Эдгээр шалгууруудыг судалж үзсэнээр Унгар улс миний сонголтод хамгийн тохиромжтой байсан. Ялангуяа, Европын холбооны гишүүн улс болохоор боловсролын стандарт өндөр, инженерийн чиглэлээрээ сайн хөгжсөн нь надад их таалагдсан.
Би Stipendium Hungaricum тэтгэлэгт хөтөлбөрт материалаа бүрдүүлэхдээ бүрэн дунд боловсролын гэрчилгээ, тухайн үеийн сурлагын амжилт, англи хэлний оноо, мөн өөрийн зорилго, ирээдүйн төлөвлөгөөг тодорхой илэрхийлсэн motivation letter бичсэн. Үүнээс гадна паспортын хуулбар, дүнгийн тодорхойлолт, багш нар болон сургуулиас авсан recommendation letter, мөн эрүүл мэндийн тодорхойлолт зэрэг бусад шаардлагатай баримт бичгийг бүрдүүлсэн. Шалгаруулалтын шат дамжлагуудыг амжилттай давж, 100%-ийн тэтгэлгээр суралцах боломжтой болсон. Албан ёсны мэдээллийг www.stipendiumhungaricum.hu цахим хуудсаар авах боломжтой бөгөөд тэндээс тэтгэлгийн шаардлага, боломжтой бүх мэргэжил, мөн өргөдөл гаргах зааварчилгааг бүрэн харж болно. Өөрийн туршлагаас дүгнэж хэлэхэд Унгар улсын тэтгэлэгт өргөдлөө явуулах үйл явц нь бусад тэтгэлгүүдээс илүү ойлгомжтой байсан.

Тэтгэлэгт хөтөлбөрт хамрагдахын тулд хамгийн чухал нь юунд илүү анхаармаар санагдсан бэ?
-Миний бодлоор тэтгэлэгт шалгарахад хамгийн чухал зүйл бол өөрийнхөө зорилгыг маш сайн тодорхой болгосон байх хэрэгтэй. Зөвхөн гадаадад сурах хүсэлтэй байхаас гадна яагаад тухайн улсыг, тухайн мэргэжлийг сонгож байгаагаа, энэхүү мэргэжлээр сурч төгсөөд ирээдүйд сурсан мэдлэгээ ашиглаж эх орондоо хувь нэмрээ оруулж, юу хийхийг хүсэж байгаагаа motivation letter дээрээ сайн тусгаж өгөх хэрэгтэй. Түүнчлэн бүрэн дунд боловсролын гэрчилгээний дүн, арван жилийн сүүлийн 3 жилийн дүн хангалттай байх мөн сайн дурын болон нийгмийн ажилд хамрагдаж байсан бол давуу тал болно.
Мэдээж олон төрлийн тэтгэлэг зарлагддаг байх. Тэр дундаас хамгийн нийтлэг, хүртээмжтэй байдаг тэтгэлэг гэвэл?
-Унгарт олон төрлийн тэтгэлэг байдаг ч олон улсын оюутнуудад хамгийн өргөн хүрээтэй, албан ёсны тэтгэлэг нь Stipendium Hungaricum юм. Энэхүү тэтгэлгийг Унгарын Засгийн газраас олгодог бөгөөд жил бүр тогтмол зарлагддаг.
Тус тэтгэлэг нь ихэвчлэн жил бүрийн 11 дүгээр сарын эхээр албан ёсоор зарлагдаж, өргөдөл хүлээн авах хугацаа дараа жилийн 1 дүгээр сарын дунд үе хүртэл үргэлжилдэг. Үүний дараа 2 дугаар сарын сүүлээр анхан шатны техникийн шалгалт болон нэр дэвшүүлэлтийн шат явагддаг. 3 дугаар сараас 5 дугаар сарын хооронд баримт бичгийн шалгалт, шаардлагатай тохиолдолд ярилцлага, мөн их сургуулиудын сонгон шалгаруулалт хийгддэг.
Шалгаруулалтын дүнгийн тухай албан ёсны хариу 6 дугаар сарын сүүлээс 7 дугаар сарын дунд үеийн хооронд зарлагддаг бөгөөд шалгарсан оюутнууд 7–8 дугаар сард визний материалаа бүрдүүлж эхэлдэг. Харин тэтгэлэгт тэнцсэн оюутнууд 9 дүгээр сар гэхэд Унгарт ирж, тухайн хичээлийн жилдээ хичээлээ эхлэх боломжтой болдог. Үүнээс гадна зарим Унгарын их сургуулиуд өөрийн дотоод тэтгэлэг, судалгааны тэтгэлэг, мөн сурлагын амжилтад суурилсан тэтгэлэг санал болгодог ч эдгээр нь сургууль тус бүрээс хамаарч, харилцан адилгүй хугацаанд зарлагддаг.
Ерөнхийдөө хамгийн найдвартай, жил бүр тогтмол олгогддог тэтгэлэг нь Stipendium Hungaricum бөгөөд жил бүр 200 хүртэлх оюутан энэ хөтөлбөрөөр Унгарт суралцах боломжтой байдаг.
Жилд 200 монгол оюутан тэтгэлгээр суралцах боломжтой байдаг гэлээ. Голдуу ямар төрлийн мэргэжлийг сонгон суралцдаг юм бол?
-Stipendium Hungaricum тэтгэлэг нь мэргэжлийн хувьд нэлээд өргөн хүрээг хамардаг. Ерөнхийдөө ихэнх оюутнууд инженер, мэдээллийн технологи, бизнес, нийгмийн ухааны чиглэлүүдийг сонгон суралцдаг. Эдгээр нь харьцангуй түгээмэл, суралцах боломж нээлттэй мэргэжлүүд юм. Мөн анагаах ухааны чиглэлээр суралцах боломжтой ч Унгарын анагаахын их сургуулиуд олон улсын оюутнуудын дунд маш эрэлттэй байдаг тул өрсөлдөөн илүү их, шалгаруулалт нь харьцангуй хүндрэлтэй байдаг. Гэхдээ ерөнхий чиглэлүүдээс гадна бараг бүх мэргэжлээр суралцах боломж нээлттэй байдаг бөгөөд оюутан бүр өөрийн сонирхол, зорилгодоо нийцсэн мэргэжлээ чөлөөтэй сонгох боломжтой.

Сургалтын төлбөр болоод амьжиргааны зардал дунджаар хэд байдаг вэ?
-Хэрэв оюутан өөрийн зардлаар (self-financed) суралцаж байгаа тохиолдолд сургалтын төлбөр нь мэргэжил болон их сургуулиасаа хамаараад жилд ойролцоогоор 3,000–7,500 евро байдаг. Харин анагаах ухааны чиглэлээр суралцах бол сургалтын төлбөр харьцангуй өндөр бөгөөд жилд 10,000–18,000 евро хүрэх тохиолдол бий. Үүнээс гадна амьжиргааны зардалд сар бүр дунджаар 500–700 евро шаардлагатай байдаг ба үүнд байр, хоол, нийтийн тээвэр болон бусад өдөр тутмын зардал багтдаг.
Харин Stipendium Hungaricum тэтгэлэгт хамрагдсан тохиолдолд сургалтын төлбөр болон эрүүл мэндийн даатгалыг бүрэн даадаг. Бакалавр, магистрын түвшинд сар бүр 83,700 форинт буюу ойролцоогоор 210 еврогийн амьжиргааны тэтгэлэг олгодог. Харин докторынх эхний 2 жил 140,000 форинт буюу 360 евро байх бөгөөд дараагаар нь 460 евро болж нэмэгддэг. Хэрвээ оюутан дотуур байранд амьдарвал 40,000 форинт буюу ойролцоогоор 100 евро нь байрны зардалд автоматаар төлөгдөж, үлдсэн мөнгө нь амьжиргааны зардал болон олгогддог. Ерөнхийдөө Stipendium Hungaricum тэтгэлэг нь Унгарт суралцахад санхүүгийн хамгийн том дэмжлэг болдог гэж хэлж болно.
Таны бодлоор Унгарт суралцахын давуу тал гэвэл?
-Миний бодлоор Унгарт суралцахын давуу талыг боловсролын чанар, амьдрах орчин, мөн хувь хүний хөгжил, өсөх боломж гэсэн хэд хэдэн талаас нь авч үзэж болно. Юуны өмнө боловсролын хувьд, Унгарын их сургуулиуд Европын боловсролын системд тулгуурлан, олон улсын стандартын дагуу сургалт явуулдаг. Олгогдож буй диплом нь Европ төдийгүй бусад улс орнуудад хүлээн зөвшөөрөгддөг. Сургалтын явцад онол болон практикийг хослуулсан байдлаар заадаг нь оюутнуудад мэргэжлээ илүү сайн ойлгож, бодит ажлын орчинд бэлтгэгдэхэд ихээхэн давуу тал болдог. Ялангуяа, инженер, мэдээллийн технологи, бизнесийн чиглэлүүд дээр суурилсан сургалт, багийн даалгавар, бие даалтууд дээр түлхүү ажилладаг.
Хоёрдугаарт, амьдрах орчны хувьд, Унгар улс нь тайван, аюулгүй, оюутнуудад ээлтэй орчинтой. Хүмүүс нь спортоор идэвхтэй хичээллэдэг, эрүүл амьдралын хэв маяг түгээмэл тул стрессийн түвшин харьцангуй бага санагддаг. Мөн нийтийн тээврийн систем маш сайн хөгжсөн учраас хот дотор болон хот хооронд зорчиход хялбар, өдөр тутмын амьдралд маш тохиромжтой. Түүнчлэн Төв Европт байрладаг тул бусад Европын орнуудтай харьцуулахад амьжиргааны зардал харьцангуй боломжийн байдаг. Мөн Шенгений бүсийн 29 улсаар чөлөөтэй зорчих боломжтой нь аялж, өөр соёлтой танилцах томоохон давуу тал болдог.
Миний анзаарснаар Унгар хүмүүс Монголын түүх, соёлыг сонирхох нь элбэг байдаг. Зарим нь Монголыг дурдахад “бид ах дүүс”, “түүхэн холбоотой ард түмэн” гэж ярих нь ч бий. Энэ нь монгол оюутнуудад эерэг сэтгэгдэл төрүүлж, тухайн соёлд хурдан дасан зохицоход тусалдаг гэж боддог.
Эцэст нь хувь хүний хөгжил, өсөх боломжийн хувьд Унгарт суралцах нь бие даан амьдрах, олон улсын орчинд өөрийгөө хөгжүүлэх боломжийг өгдөг. Өөр соёл, өөр боловсролын орчинд суралцах нь хүний сэтгэхүйг тэлж, ирээдүйн карьертаа шаардлагатай ур чадваруудыг эзэмшихэд бодитой дэмжлэг болдог. Иймд Унгарт суралцах нь боловсрол, амьдралын туршлага, хувь хүний хөгжлийг цогцоор нь олгодог боломж гэж ойлгож болно.

Сургалтууд нь унгар болон англи хэл дээр явагддаг уу. Анх хэлний бэрхшээлтэй тулгарч байв уу?
-Миний суралцаж буй хөтөлбөрийн хичээлүүд англи хэл дээр явагддаг. Унгар улсад олон улсын оюутнуудад зориулсан ихэнх сургалтын хөтөлбөрийг англи хэл дээр суралцах боломжтой. Stipendium Hungaricum тэтгэлэгтэйгээр англи хэл дээр суралцаж буй оюутнуудын дасан зохицох үйл явцыг дэмжих зорилгоор эхний хоёр семестрт унгар хэлний хичээлийг заавал судлуулдаг. Харин унгар хэл дээр суралцахыг хүссэн тохиолдолд эхний нэг жилийн хугацаанд унгар хэлний бэлтгэл хөтөлбөрт хамрагдаж, шалгалт өгч тэнцсэн тохиолдолд их сургуульдаа элсэн суралцах боломжтой болдог.
Анх ирэх үед академик англи хэл, ялангуяа мэргэжлийн нэр томьёонд бага зэрэг бэрхшээл тулгарч байсан. Мөн олон улсын оюутнуудын англи хэлний дуудлага маш ялгаатай байсан нь эхэндээ харилцахад бага зэрэг бэрхшээлтэй санагдсан ч хамтдаа хичээллэж, багийн ажил хийж, өдөр тутмын харилцаанд орсноор хурдан дасаж, одоо асуудалгүй ойлголцдог болсон. Ерөнхийдөө хэлний хувьд эхэндээ тодорхой хэмжээний сорилт байсан ч Унгар соёл, хэлний хичээлийн тусламжтайгаар сургалтын орчиндоо богино хугацаанд дассан. Харин унгар хэлний анхан шатны хичээл нь өдөр тутмын амьдралд, тухайлбал дэлгүүр, нийтийн тээвэр зэрэгт харилцахад маш их хэрэг болдог.
Сургуулиа төгссөний дараах ажлын байрны олдоц хэр байдаг вэ. Эсвэл манай залуус ихэнхдээ эх орондоо ирж ажилладаг уу?
-Сургуулиа төгссөний дараах ажлын байрны боломж харьцангуй сайн байдаг гэж боддог. Ялангуяа, инженер, мэдээллийн технологи, бизнес, менежментийн чиглэлээр төгссөн оюутнуудад Унгарт болон Европын бусад оронд ажиллах боломж нээлттэй байдаг. Хэрвээ оюутан унгар хэл дээр хичээлээ судалж, хэлний мэдлэгээ сайн эзэмшсэн бол Унгарт ажил олох магадлал илүү өндөр болдог. Мөн герман хэлний мэдлэгтэй байх нь Европын хөдөлмөрийн зах зээлд, ялангуяа инженер, үйлдвэрлэл, бизнесийн салбарт томоохон давуу тал болдог. Нөгөө талаас, Монгол оюутнуудын нэлээд хэсэг нь сургуулиа төгссөний дараа эх орондоо очиж ажиллахыг илүүд үздэг. Учир нь гадаадад эзэмшсэн мэдлэг, олон улсын боловсрол, хэлний чадвар нь Монголын хөдөлмөрийн зах зээлд өндөр үнэлэгддэг. Тиймээс төгсөгчид Монголдоо мэргэжлээрээ ажиллах, карьерын хувьд хурдан өсөх боломжтой.
Миний хувьд ч гэсэн сургуулиа төгсөөд эх орондоо буцаж, Унгарт эзэмшсэн мэдлэг, ур чадвар, туршлагаа эх орныхоо хөгжилд ашиглан ажиллахаар төлөвлөж байна.
Эцэст нь Унгар улсад суралцахаар зорьж байгаа залууст хандаж ямар зөвлөгөө өгөх вэ?
-Юуны өмнө өөрийн зорилгоо тодорхой болгож, бичиг баримтаа нямбай, хариуцлагатай бэлтгэхийг залууст зөвлөе. Тэтгэлэгт шалгарах үйл явц амаргүй, тодорхой хэмжээний өрсөлдөөнтэй ч тууштай байж, өөртөө итгэлтэй оролцвол боломж хэнд ч нээлттэй байдаг. Мөн гадаадад суралцах нь зөвхөн диплом авах зорилготой бус, харин өөрийгөө бүх талаас нь хөгжүүлэх, бие даан амьдрах, олон улсын орчинд туршлага хуримтлуулах маш том боломж гэдгийг ойлгох нь чухал. Хэрэв анх удаа өргөдөл гаргахад амжилтгүй болбол үүнийг бүтэлгүйтэл гэж харах хэрэггүй. Үнэндээ алдах зүйл байдаггүй бөгөөд тухайн үйл явцаасаа маш олон зүйлийг сурч ойлгодог. Дараа жил нь дахин өргөдөл гаргах бүрэн боломжтой. Тэр хугацаанд өөрийгөө илүү сайн бэлтгэж, хэлний чадвараа сайжруулах, нэмэлт туршлага хуримтлуулах нь хамгийн зөв алхам гэж бодож байна.
Миний мэдэх жишээгээр дөрвөн жил дараалан өргөдлөө өгч, дөрөв дэх жилдээ энэхүү тэтгэлгийг авч чадсан оюутан ч байдаг. Тиймээс хамгийн чухал нь бууж өгөхгүй, өөртөө итгэж, зорилгынхоо төлөө тууштай байх нь чухал юм.
Ялангуяа, орон нутагт суралцаж байгаа зарим залуус гадаадад суралцах боломжийг өөрөөсөө хол, хүрэхэд бэрх зүйл мэтээр хүлээж авах нь бий. Гэвч бодит байдал дээр гарал үүсэл, амьдарч буй газар нь гадаадад суралцах боломжийг хязгаарладаггүй, харин тухайн хүний зорилго, мэдээлэлтэй байдал, өөрийгөө бэлтгэх хандлага хамгийн чухал нөлөөтэй байдаг.
Өнөө үед мэдээлэл маш нээлттэй болсон тул хэрэв хүн өөрөө идэвхтэй судалж, тэтгэлэг болон сургалтын боломжуудын талаар хангалттай мэдээлэл цуглуулж чадвал дэлхийн аль ч улсад бүрэн тэтгэлгээр суралцах боломж хүн бүхэнд нээлттэй. Миний хувьд ч гэсэн ийм боломж бодитоор байдаг гэдгийг өөрийн туршлагаар харж, мэдэрсэн. Тиймээс өөрийгөө бусдаас дутуу гэж бодолгүй, айж эргэлзэлгүйгээр боломжуудыг судалж, зорилготойгоор бэлтгэвэл хаана төрж өссөнөөс үл хамааран гадаадад суралцах боломж хүн бүрд нээлттэй байдаг гэдгийг залууст хандан хэлмээр байна.
Ярилцсанд баярлалаа
Д.Гэрэл