“Завагтай” баялагаа зохистой ашигладаг заяа дүүрэн Монгол байхсан ...
Монгол Улсын Үндсэн хуулийн өдөрт зориулан Улсын Их Хурлын Тамгын газар, Парламентын судалгаа, хөгжлийн хүрээлэнгээс зохион байгуулсан “Монгол Улс байгалийн баялгаа хэрхэн зохистой ашиглах ёстой вэ” сэдэвт уралдааны ерөнхий боловсролын сургуулийн ахлах ангийн ангилалд нэгдүгээр байр эзэлсэн “Шинэ-Өнөөдөр” сургуулийн сурагч О.Тэнүүнжаргалын эсээг толилуулж байна.
Яндаж болдоггүй далай шиг
Яасан баян нутаг вэ?
Ямар их хувь заяагаар
Эзэн нь болж төрөө вэ!
Манай эмээ намайг ажлаас зугтах, хойргошиход: “Залхуу хүн завагтай махандаа хүрч чадахгүй, унжаад байхаараа унаад ирээсэй хэмээн боддог юм гэсэн чи түүний үлгэр болох гээ юу хэмээн загнадагсан. Байшинд төрж өссөн би “заваг” гэдгийг нь мэдэхгүй юу болохыг асуутал: Одоогийн та нарынхаар бол байгалийн хөргөгч гэх юм уу даа! Монгол гэрийн унь, дээвэр хоёрын завсар дахь зайг заваг гэддэг юм аа. Гэрийн дотор талаас харахад унины дээд тал, гадна бүрээс (дээвэр)-ийн хооронд үүсэж буй хөндий зайг заваг гэнэ. Энэ зай нь нүүдэлчдийн ахуйд дараах үүрэгтэй.
Хүнс хадгалах: Заваг нь агаар сэлгэлт сайтай, сэрүүн байдаг тул тэнд мах ялангуяа борц, өвчүү, хуйхалсан толгой, бяслаг, ааруул зэргийг хадгалдаг тул "байгалийн хөргөгч" болдог байв.
Ойр зуурын эд зүйлийг нууцлах: Гэрийн эзэгтэй нар ойр зуур хэрэглэх сав суулга, чихэр жимс жижиг сажиг, зүйлсийг заваг руу шургуулж далд хийдэг.
Нарийн, нандин дараа хэрэглэх зүйлсээ хадгалдаг жижигхэн хөндийг заваг хэмээгээд түүндээ хүрч, ашиглаж, хэрэглэж мэддэггүй хүнийг арчаагүй анхиагүй хэмээн жигшдэг аж. Амьхандаа өөрийн нөөц боломжоо бүрэн ашигладаг хүн болоосой гэсэндээ эмээ ийнхүү үглэдэг хэрэг л дээ.
Энэ өвөл бензин шатахууны хомсдол үүсэж, аав ах хоёр байнга л урт дараалалд зогсож, банкаа дүүргэхийг хараад надад төрсөн бодол: “Хятад руу гучин жил түүхий нефтээ зөөсөн бидний царай “Унжаад байхаар унаад ирээсэй” хэмээн харж завагтай махандаа хүрч чаддаггүй анхиагүй нэгэнтэй адил” ажээ. Нефтийн их нөөцөө ашиглаад газрын тос боловсруулах үйлдвэр барьчихсан бол гэх харамсах сэтгэл Монгол хүн бүрд төрж байгаа болов уу? Дорнод аймгийн Тамсагбулагийн сав газраас (газрын тосны 19, 21-р талбай) олборлож буй түүхий нефтийн экспортын хэмжээ сүүлийн жилүүдийн гүйцэтгэлээр жилд дунджаар 500,000-700,000 тонн орчим. Олборлолтын түүхэн дээд хэмжээ 2010-аад оны дунд үед оргилдоо хүрч, жилд 1 сая тонн давсан түүхий нефть экспортолж байжээ. Энэ их баялгийн өгөөж үр шим иргэдийн гарт ирээгүй нь “монголын их гуниг” билээ.
Шалгалтаа амжилттай өгөх эсвэл, уралдаан тэмцээнд байр эзлээд ирэхэд манай эмээгийн магтаж байгаа сайхан үг нь “- Өө овоо л доо! Муу хүний заяа завагт” гэж дуугарна. Сайн байсан ч заваг, муу байсан ч заваг... наад заваг чинь ер нь яасан эд вэ? гэж уцаарлавал эмээ ийнхүү тайлбарлаж өгөв.
-Энэ хоёр талтай, боломжоо ашигладаггүй залхуу хүнийг хэлэхээс гадна, бусдын анзаараагүй, орхигдуулсан зүйлээс хувь хүртэх буюу "азтай" байх, гэнэтийн аз тохиож, олз омогтой явахыг хэлдэг. Эмээ миний амжилтыг гэнэтийн аз биш байнгын хичээл зүтгэлийнх байгаасай гэсэндээ ийнхүү хэлдэг бололтой.
Эмээгийн “заваг”-ийг Монголын байгалийн баялгийн шударга хуваарилалт, иргэдэд очих үр өгөөжтэй холбохыг зорьж эсээгээ бичлээ.
Хорьдугаар зууны эхэнд Манжийн дарангуйлал дор зовж зүдэрсэн хэдий ч өвөг дээдэс минь “хөрсөн дороо эрдэнээр арвин, хүний хэрэгцээт цөм бүрдсэн” газар нутгийг бидэнд өвлүүлэн үлдээсэн. Олборлож ухаж чадахгүйдээ бус байгалийн баялаг бол зөвхөн өнөөдрийн биднийх биш, “ирээдүй хойч үеийнхэндээ үлдээх өв” гэдгийг ухамсарладаг, зохистой хэрэглээг нүүдэлчин ахуй соёлоороо дамжуулан таньсан өндөр мэдлэгтэй байжээ.
Монгол Улс ашигт малтмалын нөөцөөр дэлхийд эхний аравт жагсдаг бөгөөд манай оронд 80 төрлийн ашигт малтмалын 1170 орд, 8000 гаруй илрэл бүртгэгдсэн байдаг. Үүнд алтны 1619, мөнгөний 227 мянга, зэсийн 36,3 сая, төмрийн хүдрийн 660 сая, цайрын 5.9 сая нефтийн 250 сая орчим тонн нөөц батлагджээ. Мөн нүүрсний 175 тэрбум тонн нөөцтэй. Ийм их баялгийг эх нутгийнхаа “заваг”т хадгалж байгаад бидэнд хүлээлгэж өгчээ. Үүнээс илүү аз завшаан гэж юу сан билээ!. Алс хойчдоо аятай эвтэй хэрэглэг дээ! хэмээсэн хэрэг буй заа...
1992 онд батлагдсан шинэ Үндсэн хуулийн 6.1-д “Монгол Улсад газар, түүний хэвлий, ой, ус, амьтан, ургамал болон байгалийн бусад баялаг гагцхүү ард түмний мэдэл, төрийн хамгаалалтад байна” гэж заасан бол 2019 онд оруулсан нэмэлт өөрчлөлтөөр:”Стратегийн ач холбогдол бүхий ашигт малтмалын ордыг ашиглахдаа байгалийн баялаг ард түмний мэдэлд байх зарчимд нийцүүлэн түүний үр өгөөжийн дийлэнх нь ард түмэнд ногдож байх эрх зүйн үндсийг хуулиар тогтооно.” заасан ч Монгол Улсын иргэн бүр энэ их баялгийнхаа үр шимийг хүртэж чадахгүй яваа нь олон нийтийг бухимдуулдаг. Баялагтаа эзэн байж үр шимийг нь хүртье! хэмээн зүтгэсэн ч хууль эрх зүйн орчин нь хангалтгүйг төрж өссөн Тонхил сумын жишээн дээр хуваалцвал: Бүс-Уул багийн нутагт дах Шар хоолойн алтны уурхайг 1990 оноос эхлэн ашиглаж, гуч гаруй жил олборлосон ч орон нутгийн төсөвт зуун төгрөг төлөхгүй, бүх орлого нь улсын төсөвт төвлөрнө. Орон нутагт нэг ч ажлын байр нэмдэггүй, нутгийн эдийн засагт нэмэр тусгүй, хоол, хүнсний материалаа хотоос зөөж авчирдаг зэргээр иргэдийг бухимдуулах зүйл ихтэй. Хөөж туугаад ч нэмэргүй, дээрээс зөвшөөрөлтэй гэж томорсоор Бүс-Уул багийн усны нөөцийг шавхан, газар шороог сэндийчиж, олигтой нөхөн сэргээлт хийлгүй өдий хүрчээ. 2020 онд багийн иргэд ихээхэн тэмцэл өрнүүлэн 30 сая төгрөг авахаар болж, Орон нутгийн хөгжлийн сангийн дансанд төвлөрүүлсэн хэдий ч захиран зарцуулах нарийвчилсан журам үгүй тул өнөөдөр хүртэл дансандаа байсаар ...
Сум орон нутгийн иргэд байгалийн баялгаасаа хэрхэн хувь хүртэх түүнийгээ захиран зарцуулах асуудлыг нарийвчлан зохицуулсан дорвитой хууль тогтоомж дутагдаж буй захын жишээ энэ. Нийгмийн хариуцлагын хүрээнд орон нутагт бүтээн байгуулалт, тохижилтын ажил хийх үүрэг хүлээх төдийнхнөөр хязгаарлагдаж байгаа нь харамсалтай. Өмнөговь аймгийн ИТХ-аас уул уурхайгаас татан төвлөрүүлсэн орлогодоо тулгуурлан “Нутгийн хишиг” хөтөлбөрийг хэрэгжүүлэн 2023, 2024 онуудад иргэддээ 500.000-1.500.000 тараасан мэдээ байна. Монголын нийт иргэдэд баялгийн өгөөж тэгш хүртээмжтэй очихгүй байгааг хэрхэх вэ? Байгалийн баялгаа иргэн бүрд үр шимтэй, эдийн засагт өгөөжтэй, байгальд ээлтэйгээр ашиглах вэ? гэдэг нь манай улсын хувьд "Шекспирийн асуулт" буюу орших уу, эс орших уу гэдэгтэй дүйцэхүйц чухал сэдэв юм. Газрын хэвлий дэх баялгийг зөв удирдана гэдэг нь уул уурхайг хөгжүүлэх тухай бус, харин шавхагдах баялгийг шавхагдашгүй хөгжил болгон хувиргах цогц бодлого билээ.
“Алсын хараа -2050” урт хугацааны хөгжлийн бодлогын баримт бичигт уул уурхай, баялгийн ашиглалтыг “Эдийн засгийн бие даасан байдал”,”Байгаль орчны тогтвортой байдал” гэсэн хоёр үзүүлэлтээр маш тодорхой тусгасан. Уул уурхайн салбарыг олборлогч бус эдийн засгийн хөгжлийн хурдасгуур болгох үүднээс дараах бодлогыг дэвшүүлжээ. Үүнд:
1.Баялагийн сангийн удирдлага
2.Олборлолтоос боловсруулалт руу ( нэмүү өртөг шингээх)
3.Хариуцлагатай уул уурхай ба байгаль орчин
4.Ил тод байдал ба засаглал, орон нутгийн оролцоо
Эдгээр бодлогын үр дүнд 2050 он гэхэд Монгол Улс байгалийн нөөцөөс хамааралтай бус боловсруулах үйлдвэрлэл болон мэдлэгт суурилсан эдийн засагтай болохоор зорьж байна. Миний уншиж мэдсэн хүрээнд баялгийг зохистой ашиглах гол түлхүүр нь:
Баялгийн сангийн зөв бүтэц,
Хүний хөгжлийн хөрөнгө оруулалт
Байгаль орчны хатуу стандарт гэсэн гурван тулгуурт оршино.
Нэгдүгээрт: Эдийн засгийн өгөөжийг иргэн бүрд хүртээх оновчтой хэлбэр бол "Бэлэн мөнгө тараах" бус "Баялгийн сан"-аар дамжуулан хуримтлал үүсгэх юм. Уул уурхайн орлогыг халамж хэлбэрээр тараах нь инфляцыг хөөрөгдөж, бэлэнчлэх сэтгэлгээг өөгшүүлдэг. Цагаан сарын өмнөхөн тараасан мөнгө иргэндээ хүрдэггүй эрээн хот руу явдгийг бүгд мэднэ. Норвегийн тэтгэврийн сангийн жишээгээр байгалийн баялгаас олсон орлогыг ирээдүй хойч үедээ зориулан хуримтлуулах, уг сангийн өгөөжөөр эдийн засгаа “төрөлжүүлэх” төслүүдийг санхүүжүүлэх зөв. Уул уурхайгаас хэт хамаарсан эдийн засгийн бүтцийг халах нь чухал билээ. Иргэн бүр баялгийн эзэн байна гэдэг нь сар бүр дансандаа мөнгө авахыг хэлэхгүй. Баялгийн орлогоор баригдсан чанартай сургуульд хүүхдээ сургаж, дэлхийн жишигт нийцсэн эмнэлгээр үйлчлүүлж, уул уурхайгаас хараат бус ажлын байртай болохыг баялгийн тэгш хуваарилалт гэнэ.
Хоёрдугаарт: Байгаль орчин ба эдийн засгийн тэнцвэрийг хадгалах нь бидний оршин тогтнох үндэс мөн. Уул уурхай бол түр зуурынх, газар шороо, ус, бэлчээр бол мөнхийнх. Байгалийн баялгийг олборлохдоо дэлхийн жишигт нийцсэн био нөхөн сэргээлтийг заавал хийлгэх, гадаргын усыг түлхүү ашиглах ёстой. Байгалийг нөхөн сэргээх зардал болон усны менежментийг тооцохгүйгээр олборлолт явуулахыг хуулиар хатуу хориглох нь зүйтэй. Монголчууд нүүдэлчин ахуйтай ард түмэн тул уул уурхайгаас олж буй ашгийг уламжлалт мал аж ахуй, аялал жуулчлал, сэргээгдэх эрчим хүч зэрэг байгальд ээлтэй салбаруудыг дэмжихэд зориулах нь "Ногоон эдийн засаг"-т шилжих гүүр болно. Хүндээ ээлтэй, хөгжилд чиглэсэн хөрөнгө оруулалтыг дэмжихэд чиглэх саналтай байна.
Гуравдугаарт: Нийгмийн шударга ёс ба засаглалын ил тод байдал. Байгалийн баялаг цөөн хэдэн хүний халаасыг зузаатгаж, нийгмийн тэгш бус байдлыг гүнзгийрүүлдэг гашуун түүх цөөнгүй. Үүнийг засах ганц арга зам нь ил тод байдал. Олборлолтоос эхлээд борлуулалт, орлогын зарцуулалт хүртэлх бүх процесс "шилэн" байх ёстой. Иргэний нийгмийн хяналт хүчтэй байж, баялгаас орж ирж буй мөнгө улс төрчдийн сонгуулийн амлалт бус, үндэсний хөгжлийн урт хугацааны төлөвлөгөөнд зарцуулагддаг байх тогтолцоог бүрдүүлэх.
Төгсгөлд нь өгүүлэхэд: Эмээгийн байнга сануулдаг “залхуу хүн завагтай махандаа хүрдэггүй” гэдэг нь асар их баялагтай ч түүнийгээ боловсруулж, нэмүү өртөг шингээхгүй байгаа Монголын өнөөгийн байдлыг хэлээд байна уу даа? хэмээн ухаарлаа.
“Муу хүний заяа завагт” гэдэг байгалийн баялгийг аз биш боломж хэмээн харж ухаалаг зохистойгоор ашиглах буюу Тогтвортой хөгжлийн тулгын гурван чулуу болох эдийн засгийн өсөлт, нийгмийн тэгш байдал, байгаль орчны тэнцвэрт байдлыг хамтад нь авч явах, огтлолцуулах гэдгийг ойлгож ухаарлаа. Зохистой ашигласныг илтгэх гол үзүүлэлт нь газрын хэвлий дэх баялгийг хүний тархин дахь баялаг болгосон уу? гэдгээр хэмжигдэнэ. Иргэн бүр өгөөжөө хүртэхийн тулд өнөөдрийн тансаглалыг бус, маргаашийн тогтвортой хөгжлийг, бэлэн мөнгийг бус боловсрол, эрүүл мэндийг сонгох зоригтой байх нь хамгаас чухал.
“Завагтаа хадгалж, бидэнд үлдээсэн их баялгаа зөв зохистой ашиглах заяа дүүрэн Монгол байхын ерөөл буян бидэнд бий гэдэгт итгэдэг!. Монгол хүний заяа их ээ их ! гэдэг эмээгийн залбирал үгээр эсээгээ өндөрлөе!